Каддафи НҮБ-ийн АЗ-ийн 1973 оны тогтоолыг биелүүлж, энгийн номхон иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэхээ зогсоох хүртэл Ливи улсыг бөмбөгдөх болно. Лондонд энэ долоо хоногт болсон бага хурал дээр 40 улс орон болон олон улсын байгууллагын гишүүд ингэж шийдсэн байна. “Одиссея. Үүрийн туяа” цэргийн ажиллагаа 3-р сарын дундуур эхэлсэн бөгөөд одоохондоо ямарч үр дүнд хүрээгүй байна. Ойрхи Дорнод болон хойд Африкийн “тогоонд” байдал улам хурцадсаар л байна. Энэ бүс нутаг буцлаж байна гэж хэлж болно, хувьсгалын давалгаа арабын нэг улсаас нөгөө улс руу үсэрхийлсээр байна. Энэ давалгааг сүүлийн өдрүүдэд Йемен, Сири улсууд дахин мэдэрлээ. Сана хотод засгийн газрын эсрэг хөдөлгөөн 3-р сарын 31-нд дахин сэргэлээ. Йемен улсын ерөнхийлөгч Али Абдалла Салех энэ оны сүүлч гэхэд огцорно гэж урьд нь мэдэгдэж байсан юм. Саяханы өдрүүдэд сөрөг хүчинтэй хийж байгаа хэлэлцээр бүтэлгүй болсон тул хэлсэн үгнээсээ буцлаа гэж мэдэгдлээ. Салехийг эсэргүүцэгчидэд энэ мэдэгдэл таалагдаагүй учраас тэд йемений томоохон хотуудад өөрийн талын мянга мянган хүнийг гудамжинд гаргалаа. “Мари Пресс” сайтын ерөнхий редактор Ахмад Яхья Аед нөхцөл байдлыг ийнхүү үнэлж байна: «Эсэргүүцлийн хөдөлгөөн зөвхөн Сана хот ч биш йеменийн бусад мужууд жишээ нь, Худейдад улам хүчтэй болно. Эмч, эмэгтэйчүүд, багш нарын жагсаал цуглаан болно гэж би бодож байна. Тусламж дэмжлэг үзүүлээч гэсэн Салехын саналыг Саудын Аравын хаант улсын төр засаг албан ёсоор няцаасан байна гэж “Вашингтон пост” сонинд мэдээлжээ. Салех сүүлийн гучин жил удирдаж байсан ард түмнээ удирдаж чадахгүй, түүний бүх хөзөр дууссан тул Сана хотын гудамжинд үргэлжилж байгаа хувьсгалын зам дээр хөндөлсөх хэрэггүй гэдгийг АНУ аль хэдийнээ ойлгосон билээ» гэж тэр ярилаа. Харин Сирийн удирдагч Башар Асад сөрөг хүчнийхнийг нэг удаа тайвшруулж чадлаа. 1963 оноос үргэлжилж байгаа онц байдлын хуулийг өөрчлөх асуудлыг шийдэх хуулийн тусгай хороо байгуулснаа тэр пүрэв гаригт зарласан билээ. Сирийн хотуудыг хамраад байгаа эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын гол шаардлагын нэг нь онц байдлын хуулийг өөрчлөх тухай байсан юм. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсний улмаас 60 гаруй хүн амь насаа алдаж, зуу орчим хүн шархадсан байна. Сирид болж байгаа үйл явдлыг барууны зарим хэвлэлүүд ливийн байдалтай адилтгаж амжлаа. Энэ бүс нутагт дахиад нэг цэргийн ажиллагаа явуулахыг АНУ төлөвлөөгүй байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн билээ. Сири улсад ливид болж байгаа үйл явдал давтагдахгүй гэж ОУ ч үзэж байгаа юм. Улсын дотоод байдлын бүтэц нь энэ хоёр улсад маш их ялгаатай юм гэж Дорно дахины судлаач, улс төрч Станислав Тарасов манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдсэн юм: «Сири улсын нийгэм бол илүү нягтралтай юм. Сири улс Ойрхи Дорнодод өөрийн гэсэн өвөрмөц байр суурийг эзэлдэг байсан ба ойрхи дорнодын зохицуулалтад бие даасан үүрэг гүйцэтгэж байсан юм. Сири улс Ливанд идэвхитэй үүрэг гүйцэтгэж, хөрш Түрк улстай түншийн харицаа тогтоож чадсан билээ. Сири, Түрк улсуудын нийтийн хил нь тогтворжуулах хүчин зүйл болж байгаа бөгөөд Ливи улсад болж байгаа шиг тийм байдалд Сири улсыг хүргэхгүй юм» гэж тэр хэллээ. Сири улсын нутаг дэвсгэрийн байдал нь гайхамшигтай гэж барууны шинжээчид ч үзэж байна. Асад ерөнхийлөгчийн суудалд байгаа нь олон улс оронд ашигтай гэж тэд үзэж байгаа юм. Ливаныг тайван чимээгүй байлгахад Израиль улсад Асад хэрэгтэй. Иракаас цэргээ гаргах ажиллагааг дуусгахад Сири улс одоогийн байдлаараа америкчуудад хэрэгтэй. Мэдээж хэрэг үйл явдлын төвд Ливи улс байгаа нь мэдээж. Барууны эвслийнхэн бөмбөгдсөөр байгааг үл тоон Жамахирийн тэргүүний цэргүүд сөрөг давшилтад ороод байна. Каддафигийн арми сөрөг хүчнийхнийг дорно зүг рүү хөөж нефть боловсруулах чухал төв Рас-Лануф хотыг дахин эзэллээ. Харин энэ долоо хоногт хойд африкийн энэ улсын хувь заяаг холбоотнууд шийдэх гэж оролдсон Лондон хотоос л их мэдээ ирлээ. “Ливи улсыг ардчилалын замд оруулахад туслах олон улсын хүчин чармайлтыг зохицуулах” 20 улс орон болон байгууллагууд оролцсон “холбоо барих бүлэг” байгуулахаар тохиролцсон байна. Энэ бүлэгт арабын орнууд, Африкийн холбоо, Арабын улсуудын лигийн төлөөлөгчид багтсан байна. “Каддафид үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэх, түүнийг төр засгаас зайлуулахын тулд түүнийг улам тусгаарлах ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон уриаллаа. Хэрвээ ойрын үед цус урсгах ажиллагаагаа зогсоовол Каддафи болон түүний гэр бүлийг Ливи улсаас саадгүй явуулах бөгөөд цаашид мөрдөж мөшгөхгүй гэж АНУ, Их Британ, Катар улсууд мэдэгдлээ. Ливийн босогчидод зэвсэг нийлүүлье гэж америк, францийн төлөөлөгчид санал тавилаа. Харин тэднийг түншүүд нь дэмжсэнгүй. Хэнд энэ зэвсгийг нийлүүлэх вэ, хэнтэй тохиролцох вэ гэдэг нь холбоотнуудын гол асуудал байлаа. Босогчидод зэвсэг нийлүүлэхийг Түркийн ерөнхий сайд Эрдоган эрс эсэргүүцлээ. Энэ нь ч ойлгомжтой юм учир нь босогчдыг зэвсэглэснээрээ Барууныхан Хойд Африкт бас нэг Афганистантай болно гэсэн үг гэж Ойрхи Дорнодын шинжээч Владимир Ахмедов тэмдэглээд: «Зэвсэг нийлүүлнэ гэж ярихаасаа өмнө энэ нь НҮБ-ийн АЗ-ийн тогтоолыг шууд зөрчинө гэдгийг санаж цаашдаа хэнтэй харьцах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Афганистанд АНУ-ын олж аваад байгаа тэр гунигтай туршлагыг санах хэрэгтэй. Америкийн сургагч нарийн сургасан моджахедууд болон Бен Ладен сурсан мэдсэн бүхнээ нөгөө америкуудынхаа эсрэг хэрэглэж эхэлсэн шүү дээ» гэж тэр ярилаа. Ливийн сөрөг хүчинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх асуудал дээр ОУ болгоомжтой хандаж байна. Энгийн номхон иргэдийг хамгаалахын тулд л хүч хэрэглэхийг зөвшөөрсөн НҮБ-ийн АЗ-ийн тогтоолын хүрээнээс гарахыг лондоны бага хуралд оролцогчид оролдож байсан гэж НАТО-гийн дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин шууд мэдэгдсэн билээ. Одоо шууд л гал зогсоохоос өөр чухал асуудал байхгүй гэж Рогозин үзэж байна. НҮБ-ийн зэвсэг нийлүүлэхэд тавьсан хориг зөвхөн Каддафигийн дэглэмд биш бүх бүс нутагт хамааралтай шүү дээ.