Эдийн засаг нь хөгжиж байгаа орнуудын үүрэг дэлхийн санхүүгийн системд гарцаагүй нэмэгдэнэ. Иймээс тэдгээрийн валютыг  SDR буюу зээлжих тусгай эрхийн үндэс болгох асуудал тулгарсан юм. Францын ерөнхийлөгч Николя Саркози Нанкинд олон улсын бага хурал дээр үг хэлэхдээ энэ тухай мэдэгджээ. Дэлхийн валютын шинэ системийг төлөвшүүлэх нь  хойшид валютын дайн гэгчэс сэрэмжлэх боломж олгоно гэж Францын ерөнхийлөгч тэмдэглэв. Саркозийн ярьснаар бол орчин цагийн тэнцвэргүй систем  дэлхийд шинэ хямрал гарахыг гарцаагүй болгож байна. Эрсдлийг багасгахын тулд  зээллэх тусгай эрхийн үндэс болох валютыг олшруулахыг санаачилжээ. SDR бол зориуд бий болгосон нөөц төлбөрийн хэрэгсэл юм. 1969 оноос Олон улсын валютын сан түүнийг улс орнуудын төлбөрийн балансыг зохицуулахад хэрэглэж байна. Эдүгээ  доллар, евро,стерлингийн фунт , иен  зэрэг дөрвөн валютын доллартай тэнцэх өртөгийг иш үндэс болгосон. Гэвч  ийнхүү хязгаарлаж, эдийн засаг нь хөгжиж буй орнуудыг үл тоомсорлох нь зүй бус хэрэг   гэж сүүлийн үед их ярьцгааж байна гэж «Финам менежмент» удирдах компанийн захирал Сергей Хестанов тэмдэглэн хэлээд «Эдийн засаг нь хөгжиж байгаа орнуудын үүрэг улмаар валюты нь  аажмаар өсөн нэмэгдэж байна. Эдгээр улсын валютыг Олон улсын валютын сангийн зээллэх тусгай эрхийг  бүрдүүлэхэд оролцуулах нь зүй ёсны үзэгдэл билээ. Ийм алхам улс оронд  нэлээд олон үүрэг ногдуулах нь өөр асуудал юм. Төлбөрийн баланс ба төсвөө хяналтдаа авах үүрэг тэдгээрийн дотор байна. Ийм шаардлага эдийн засаг нь хөгжиж байгаа орнуудад л саад учруулж  болзошгүй» гэлээ. Одоо ч гэсэн БРИК бүлгийн гишүүн орнууд ба Мексик, ӨАБНУ, Туркийн эдийн засгийн нийт  хэмжээ  «Их долоо» гэгчийн эдийн засгийн нийт чадавхийн 35-36 хувийг эзлэж байна. 2020 он гэхэд  эдгээр үзүүлэлт тэнцэж, 2050 он гэхэд эдийн засаг нь хөгжиж байгаа орнуудын чадавхи «Их долооны» өнөөгийн чадавхиас 65 хувиар илүү байх болно гэж Олон улсын валютын сан үзэж байна. Гэвч эдгээр улсын валютыг зээллэх тусгай эрхийг бүрдүүлэхэд оролцуулах үйл явцыг эрчимжүүлж болохгүй гэж Сергей Хестанов онцлоод «Энэ үйл явц гарцаагүй боловч аажмаар явагдах ёстой. Үйл явцын хурдац эдийн засаг нь хөгжиж буй орнуудын санхүүгийн үзүүлэлтүүдээс шалтгаална. Санхүүгийн хүрээ угаасаа консерватив байдаг. Иймээс шийдвэр гаргах талаар бага зэрэг хожимдох нь хэвийн үзэгдэл болсон. Өрнөд БРИК бүлгийн гишүүн орнуудын валютын үүргийг санаатайгаар нэмэгдүүлэхгүй байна гэх нь буруу» гэлээ. Саркози Нанкинд үг хэлэхдээ юань SDR- ын үндэс бусдаас түрүүн болж магадгүйг мэдэгджээ. Гэвч  АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнер өөр санаа бодолтой байна. Валютын ханшаа хатуу хянаж буй орнууд дэлхийн эдийн засгийн байдлыг түгшүүртэй болгож байна гэж  тэрээр мэдэгдэв. Валютын бүрдэлийг өргөжүүлэх саналыг Гайтнер ерөнхийд нь дэмжээд эдгээр валютын ханшийг зах зээл л тодорхойлох ёстойг онцлов. Оросын рубль ч удахгүй SDR-ын сагсанд багтаж мэднэ гэж Сергей Хестанов тэмдэглээд «Оросын рублийг олон улсын нөөцийн хэрэгсэл болгохын тулд инфляцийг бууруулж, төсвийн алдагдлыг багасгах хэрэгтэй. Рублийн үүрэг гарцаагүй нэмэгдэнэ. Гэвч өсөлтийн хурдац  Оросын эдийн засгийн үзүүлэлтүүдээс шалтгаалах нь дамжиггүй» гэв. Эдгээр болзолоос нэгий нь ойрын үед биелүүлж болно. Дэлхийн банкны мэдээлснээр Орос улс энэ онд төсвөө алдагдалдгүй болгоход ойртоно. Жишээ нь 2011 онд энэ үзүүлэлт ДНБ-ний 0,9,  2012 онд 0,8 хувь болохыг Дэлхийн банкны Оросын талаархи ерөнхий эдийн засагч Желько Богетич тэмдэглэв.