Зөвлөлтийн ба оросын киноны од, сая сая үзэгчийн хайртай жүжигчин, Оросын ардын жүжигчин Людмилай Гурченко Москвад 75 настайдаа таалал төгслөө. 80 гаруй кино,олон арван жүжигт тоглосон дүр, найруулагч, хөгжмийн зохиолчийн бүтээлүүд, өөрийнх нь намтар бүхий ном, дуулсан дуунууды нь бичсэн олон пянз зэрэг Людмила Гурченкогийн  уран бүтээлүүд амьдралын үр дүн болсон юм. Хувь заяа нь нэлээд хүнд байсан. Людмила Гурченкогийн бага балчир нас Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдтэй цаг хугацааны хувьд давхцав. Ирээдүйн жужигчин  дайны аймшигт хор үршгийг нүдээрээ үзсэн нэгэн. Фашистууд Украинд  түүний төрсөн хот Харьковыг булаан эзлэжээ. Тэртээх  хүнд хэцүү үеийг насан туршдаа дурсан санаж байсан. Иймээс  жүжигчин  цэрэг дайны сэдэвт кинонууд тухайлбал Алексей Германы зохиосон «Дайнгүй 20 өдөр» киноны дүрд маш чадамгай  тоглож, үнэн бодит амьдралыг дүрслэн харуулсан юм. Людмила Гурченкогийн  анхны том амжилт бүтээлч замд нь  нэг ёсны саад болжээ. Тэрээр Эльдар Рязановын «Багт наадмын шөнө» хошин кинонд  тоглож, гялалзсан амжилт гаргав. Түүнээс хойш Гурченко дан дуулалт жүжигт л сайн тоглоно гэж найруулагчид үзэн ямар нэг том жүжигт тоглохыг санал болгоогүй юм.Урам зоригтой маш авьяаслаг Людмила Гурченко  амьдралын ямар ч тохиолдлыг нэр төртэй давж сурсан билээ. Мэргэшил уран чадвар нь жинхэнэ од болоход нь тусласан гэж Оросын нэрт гарсан найруулагч Никита Михалков үзэж байна. Найруулагчийн бүтээсэн  шилдэг киноны нэг «Таван үдэш» сэтгэл зүйн жүжгийн зохиолоос сэдэвлэсэн киноны гол дүрд Гурченко тогложээ. Гурченкогийн уран бутээл хувь хүний онцлогт нь онцгой нийцдэг байлаа. Тэрээр тоглолтоо зан авирынхаа ямар нэгэн шинж чанарт нийцүүлж байсан. Гоц нийцвэл гайхамшигтай бүтээл болж байв. Түүнийг харж хамт ажиллахад тун таатай байв. Кино бүтээж буй талбарт байгаа хүмүүс өөртөд нь нааштай хандаж байгааг мэдрэвэл тоглолтоо   дээд цэгт хүргэж байлаа. Энэ нь гайхамшигт үзвэр болж байсан» гэж Никита Михалков хэллээ. Людмила Гурченко тал бүрийн авьяастай жүжигчин байсан юм. Дуулалт жүжигт тоглож дуулахаас эхлээд гүн агуулга төгөлдөр дүрд тоглох хүртэл авьяас билигээ нээн харуулсан гэж Оросын ахмад кино найруулагч Пётр Тодоровский хэлээд «Манай кино урлаг, эстрад, театрын тэргүүн од өөд болов. Тэрээр их чадварлаг хүн байсан. Аугаа их эмэгтэй  тэрээр ямар ч танхимд цугларагсад ба хаана ч цугларсан хүмүүсийн анхаарлын төвд байсан» гэлээ. Тэрээр киноны баатарынхаа зан төлөвийг нээн харуулахдаа «жолоогүй» байсан гэж нэрт найруулагч Андрей Кончаловский  тэмдэглэв. Людмила Гурченко  Кончаловскийн «Сибириада» олон ангит кинонд тоглосон юм. Тэрээр цог жахлантай хүн байсан. Нас өтлөхтэй «шаргуу тэмцэж», үсээ шинэ засалтаар янзлаж, шинэ  загварын хувцас өмсөх дуртай байв. Бүтээлч шинэ шинэ төлөвлөгөөг зохиож хэрэгжүүлж байлаа. Гурченко амьсгал хураатлаа ажилласан гэж болно. «Гэгээ тасрах үе» кино өнгөрсөн онд дэлгэцнээ гарав. Людмила Гурченко жүжигчний хувьд киноны дүрд тоглож, өөрийхөө зохиосон дууг дуулж, киноны зохиолыг хамтран туурвиж киноны хоёр найруулагчийн нэг  нь болсон юм. «Бид Людмила Гурченко шиг жүжигчдээс их  юм сурах ёстой. Тэгэхгүй бол мухардмал байдалд орно. Түүнийг дурсан суралцах хэрэгтэй» гэж нэрд  жүжигчин Валентин Гафт дурслаа. Үнэхээр Людмила Гурченко мэргэшил, чин сэтгэлийн нэг ёсны хөглүүрийн хувьд маш олон хүний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Гэрэл зураг