Японы осол гарсан “Фукусима-1”АЦС-ийн 2-р блокын сацрал идэвхижилтийн түвшин хэвийн хэмжээнээс 10 сая дахин их байна. Хөргөх системийг сэргээн засварлах ажил хийж байсан бүх ажилчдыг станциас яаралтай нүүлгэсэн гэж эрчим хүчний ТЕРСО компанийн төлөөлөгч мэдээллээ. Аж үйлдвэр ба атомын аюулгүй байдлын үндэсний агентлагын төлөөлөгч АЦС-ийн ойролцоох далайн усан дахь радио идэвхит йодын агууламж дээд хэмжээнээс 1850 дахин их байна гэж бас мэдэгдсэн байна. 3-р сарын 11-нд болсон асар хүчтэй газар хөдлөлтөөс болж “Фукусима-1” АЦС эвдэрсэн юм. Сацрал идэвхит бодис хэд хэдэн удаа алдагдсан бөгөөд станцийн эргэн тойронд 20 километрийн бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Японы хэд хэдэн нутгийн агаар, далайн ба ундны ус, хүнсний бүтээгдхүүнд радио идэвхит бодис тэр дундаа цезий болон йодын изотопууд илэрсэн байна.