Орос, АНУ хоёр Афганистанд үйлдвэрлэж буй мансууруулах бодистой хойшид ч хамтран тэмцэх төлөвлөгөөтэй байна гэж мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Оросын холбооны албаны тэргүүн Виктор Иванов мансууруулах бодисын эсрэг орос-америкийн хэсгийн хуралдааны дүнгээр мэдэгдлээ. Мөн байгууллага ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын шийдвэрээр 2009 онд байгуулсан Медведев-Обама ерөнхийлөгчдийн комиссын  хүрээнд ажиллаж байна. Эдүгээ мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Оросын холбооны алба мансууруулах бодисын эсрэг  бодлогыг уялдуулан зохицуулах АНУ-ын ерөнхийлөгчийн удирдах газартай шууд хамтран ажиллаж байна. Өнгөрсөн оны намар Афганистаны нутаг дэвсгэрт явуулсан орос-америкийн ажиллагаа ийм хамтын ажиллагааны амжилттай жишээ болсон. Афганистаны хууль сахиулах байгууллагууд түүнд бас оролцов. Төв Азийн бүс нутгаас нэвтэрч буй мансууруулах бодистой хийх тэмцэл Орос АНУ-ын хамтрасан хүчин чармайлтын уртьтлалын нэг байсаар байх болно гэж Виктор Иванов онцлоод «Харамсалтай нь мансууруулах бодисыг Төв Азийн олон орныг дамжин Орост шургалуулан оруулж байна. Тэгснээр жил дутам олж буй 20 тэрбум орчим долларыг тухайн бүс нутагт зохион байгуулалттай гэмт хэргийг санхүүжүүлэхэд чиглүүлж байна. Ийм нийлүүлэлт  гэмт хэргийн бүлгүүдийн ажиллагааг өргөжүүлэн гааруулах уршигтай болов. Харамсалтай нь энэ нь эдгээр улсын улс төрийн байдлыг тогтворгуй болгох хүчин зүйл болжээ. АНУ-тай хамтран явуулах ажиллагааны онцлог, өдөр хугацааг би мэдээлэхгүй. Учир нь мансууруулах бодисын наймаачдын биш  харин хууль сахиулах байгууллагуудын ашиг сонирхолыг төлөөлж байна» гэлээ. Орос-америкийн хэсэг  мансууруулах бодист хамаатай бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр жилийн дотор нөр их ажил хийсэн гэж АНУ-ын  албаны тэргүүн Гил Керликовске мэдээллээ. Тухайлбал мансууруулах бодис худалдаж олсон мөнгийг  ил болгох гэсэн оролдлогыг тасалдуулах болон мэдээлэл солилцоог өргөжүүлэх талаар сайн үр дүнд хүрсэн байна. ОХУ,АНУ-ын боловсрол, эрүүл мэндийн яамадтай нягт хамтран ажиллаж мансууруулах бодис хэрэглэхээс сэргийлэх ажил хийх нь зайлшгүй чухал гэж Керликовске онцлов. Сэргийлэх, эмчлэх, хууль сахиулах арга хэмжээ авч асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх хэрэгтэй.  Оросын оюутнуудаас мансууруулах бодист хэрхэн хандах хүрээнд ахиц дэвшил гарсан гэж хэсгийн хуралдаанд оролцсон Москвагийн УИС-ийн захирал Виктор Садовничий тэмдэглээд «Одоогоос 10-15 жилийн өмнө  мансууруулах бодис хэрэглэх залуучуудын тоо нэлээд нэмэгдэж байсан бол одоо эрүүл мэнд, аж төрөх ёсыг сурталчилж байгаа олон нийтийн илүү олон бүлэг, байгууллага бий болж байна. Гэвч хэтдээ нөр их ажил хийх хэрэгтэй. Бид замын эхэнд байна. Оросын захирлуудын холбооны  ойрын хуралдаанаар энэ нэн чухал асуудлыг авч үзэж хэлэлцэнэ» гэв. Оросын Боловсрол, ШУ-ны яам, АНУ-ын боловсролын яамны төлөөлөгчид сургуульд мансууруулах бодис хэрэглэхээс сэргийлэн сэрэмжлэх арга барилын тухай  илтгэл орос-америкийн хэсгийн ажлын үеэр  тавьсаныг нэмж хэлье.