Афганистанаас  учруулсан  мансууруулах бодисны аюулыг арилгаж няцаах  олон улсын холбоо байгуулахыг мансууруулах бодисны эргэлтэд хяналт тавих ОХУ-ын холбооны албаны захирал Виктор Иванов уриалав. Тэрээр Вена хотноо НҮБ-ын мансууруулах бодисын асуудал эрхлэсэн комиссын чуулган дээр үг хэлэхдээ хориотой бодисын үйлдвэрлэлтэй тэмцэх олон улсын сүүлчийн хөтөлбөрүүд үр ашиггүй болсон нь нотлогдсоныг тэмдэглээд шинэ стратеги боловсруулахыг санаачлав. «Дэлхийн хамтын нийгэмлэг мансууруулах бодисны  эсрэг ажиллагааны хүрээнд багагүй юм хийсэн нь тодорхой. Гэвч одоо НҮБ-ын ивээл  дор Афганистанд мансууруулах бодисын үйлдвэрлэлийг устгах чанарын хувьд шинэ таван жилийн төлөвлөгөөнд шилжих цаг болсон. Орос улс ба ЕХ мөн холбоог тэргүүлж мэднэ» гэж Виктор Иванов хэллээ. Оросын санаачилсан байгууллага мансууруулах бодистой хийх тэмцэлд улс орнуудын хүчин чармайлтыг уялдуулан зохицуулах юм. Олон улс орон сэтгэл мэдрэлд зохисгүй нөлөөлөх бодисын хууль бус тархалтаас сэргийлэх, няцаах төлөвлөгөөтэй байна. Гэвч дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх нөөц боломжийг дээд зэргээр оновчтой ашиглахын тулд бүгдийн хүчин чармайлтыг нэгтгэх нь зайлшгүй чухал юм. Орос улс нэг ёсны «удирдаачийн» үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Түүнээс гадна Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэлийг «олон улсын энх тайван, аюулгүй байдалд тулгарсан аюул» хэмээн НҮБ-аас   дүгнэвэл зохино гэж Орос улс үзэж байна. Ийм олон улсын эрх зүйн үнэлгээ дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг хууль ёсны үндэс суурь, ил тод шинж чанартай болгох юм. Газар нутагтаа намуу цэцэг тариалахад зөвшөөрөл олгож буй этгээдүүдийг НҮБ-ын хар дансанд оруулж, мансууруулах бодисын наймаачдын дансыг дэлхий даяар битүүмжлэх хэрэгтэй. Хар тамхины намуу цэцгийн  тариалангийн талбайг устгах үүрэг Афганистан дахь олон улсын хүчний мандатад багтах ёстой гэж Орос улс үзэж байна. АНУ-ын толгойлсон эвслийн цэрэг 2001 онд Афганистанд цөмрөн орсноос хойш ийм тариалангийн талбай хэд дахин өргөжсөн юм.  Эдүгээ Афганистан хар тамхины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүний байр эзлэж байна. Тэндхийн тариачид хөдөө аж ахуйн ургамал биш мансууруулах бодисын түүхий эд болох ургамал тариалах дуртай байна. Тэгэхдээ дэлхийн хамтын нийгэмлэг, түүний дотор Орос улсаас Афганистанд  гурил, үр тариа нийлүүлж, хүн амы нь өлсгөлөнгөөс аварч байна. Байдлыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Мансууруулах бодис үйлдвэрлэж тархаах нь аюултай төдийгүй ашиггүй хэрэг  болгох нь чухал юм. Мансууруулах бодисын эрэлтийг багасгах нь үүнд тус  дөхөм үзүүлнэ гэж архидах, мансуурулах бодис хэрэглэхтэй тэмцэх Оросын өглөгийн  сангийн ерөнхийлөгч, ОХУ-ын Олон нийтийн танхимын гишүүн Олег Зыков үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Мансууруулах бодисын зах зээл  бас зах зээл юм. Чухамхуу эрэлт нийлүүлэлтийг тодорхойлдог. Эрэлт багасвал эцэст нийлүүлт нь багасана. Энэ зорилгоор юу хийх вэ? Хүн амын дотор сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ нь  эрүүл мэнд  аж төрөх ёсыг  нэвтрүүлэх технологтэй холбоотой. Эрсдлийн бүлэг, тухайлбал хүүхдүүдийн дотор сэргийлэн сэрэмжлэх ажиллагаа явуулахад анхаарал тавих хэрэгтэй. Эцэст мансууруулах бодис хэрэглэгчдэд туслах хэрэгтэй. Эмнэлгийн сүлжээг өргөжүүлж, харилцан туслах бүлэг байгуулж, архи мансууруулах бодисын оронд өөр зүйлийг хүмүүст сонирхуулахад туславал зохино» гэв. Мансууруулах бодисын аюултай тэмцэх цогцолбор арга хэмжээ л удтал хүлээсэн үр дүнд хүрэхэд туслана. Тэгтэл мансууруулах бодис хүмүүсийн амь насыг бүрэлгэсээр байх болно. Эмч нарын мэдээлснээр сүүлийн арван жилд зөвхөн европын орнуудад мансууруулах бодис 1 сая хүнийг хөнөөжээ. Харин хичнээн хүн эрэмдэг зэрэмдэг болсныг  тоолоогүй. Мэдээжээр тэдний тоо хэмжээ мансууруулах бодисноос болж нас барсан хүмүүсийнхээс  хэд дахин илүү олон байна.