Саяхан БРИК бүлэгт элссэн ЕАБНУ Хайнань аралд болох дээд хэмжээний уулзалтад оролцоно. Одоо мөн бүлгийг БРИКС гэдэг. БРИК шинэ гишүүнтэй болсноос хойш бат орших чанарых нь асуудлаар санал шүүмжлэл үүсэв. БРИКС бүлэг дэлхийн шинэ загварын үндэслэгч болж саруул сайхан ирээдүйтэй болно гэж хэн нэгэн үзэж байхад ямар ч нөлөө үзүүлэхгүй «улс төрийн цуглаан» хэмээн бусад нь үзэж байна. Янз янзын улс орнуудыг нэгтгэсэн бүлэг ирээдүйтэй юу? Манай сурвалжлагч Леонид Ковачич энэ асуултад оросын ба хятадын шинжээчидтэй хамт  хариулж байна. Эсрэг туйлууд харилцан татагддаг. БРИКС бүлэгт нэгдсэн улсууд  соёл, шашин, нийгэм-улс төр, эдийн засгийн талаар эрс ялгаатай байсан ч бүлгийг бүс нутгийн ба олон улсын харилцааны шинэ загварыг төлөвшүүлэх үүднээс хэтийн төлөвтэй болгож байна. Эдгээр таван улс ялгаатай байсан ч адил төстэй талтай юм. Хүн амын тоо хэмжээ, нутаг дэвсгэрийн хэр хэмжээний үүднээс дэлхийн томоохон гүрэн улсууд БРИКС бүлэгт нэгдсэн. Тэдгээр өсөлтийн их чадавхтай хөгжиж буй зах зээл болсон гэж Бээжингийн их сургуулийн олон улсын харилцааны хүрээлэнгийн орлогч захирал Гуань Гуйхай  хэлээд «БРИК бүлэг  дэлхийн нэгэн туйлт загвар нөөц боломжоо шавхаж дууссан  өвөрмөц эргэлтийн үед бий болсон. Энэ нь хөгжиж байгаа нөлөө бүхий улсуудыг нэгтгэсэн  олон улсын шинэ маягийн  холбоо билээ. БРИКС  бүлгийг  бүр 30 жил оршиж байгаа байгууллагуудтай харьцуулах нь зүй  бүс хэрэг билээ. Бүлэг бүрэн боловсроогүй байсан ч өсөлт нь нэлээд их хурдацтай байна. Энэ нь хоёр шалтгаантай. 1-рт  БРИКС бүлгийн гишүүд  хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай улсууд юм. 2-рт бид эдийн засаг, нийгмийн хөгжлийн туршлагаа харилцан солилцож, зарчмын хувьд шинэ оновчтой  загварыг зохиох боломжтой байна» гэв. Өнгөцхөн харахад БРИКС бол ямар нэг хийсвэр байгууллага мэт санагдах бололтой. Харин бүлгийн гишүүд ялангуяа санхүү-эдийн засгийн салбарт нэлээд их амжилт гаргасан. 2009 онд «их хорины» дээд хэмжээний уулзалтын үеэр БРИКС бүлэг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хувь хэмжээг хөгжиж буй орнуудад ашигтайгаар ахин  хуваарилахад нөлөөлөв. Саньяад болох дээд хэмжээний уулзалтаар гол төлөв  эдийн засгийн асуудлыг авч үзэж хэлэлцэнэ гэж Стратегийн соёлын сангийн шинжээч Роман Томберг үзэж байна.Тэрээр хэлэхдээ «Их хорины» санхүүгийн тусгай газруудын  тэргүүн нар 2-р сарын сүүлээр Парист уулзаж, эдийн засгийн тэнцвэр алдагдах явдлыг батлах асуудлыг хэлэлцлээ. Франц, Герман хоёр улсаас дэвшүүлсэн саналууд  БРИК бүлгийн гишүүд ялангуяа Хятадын санаанд нийцсэнгүй. Иймээс Саньяанд мөн асуудал болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хэлэлцэнэ гэж бодож байна» гэв. Дэлхийн  санхүү эдийн засаг, худалдааны дэглэмийг боловсронгуй болгох асуудал ойрын жилүүдэд БРИКС бүлгийн үйл ажиллагаанд тэргүүлэх бололтой. Эдгээр асуудал Саньяад дээд хэмжээний уулзалтад оролцогчдын анхаарлын төвд байх болно. Эдгээр таван улсын  нилээд их эдийн засаг хэтдээ эдийн засгийн өсөлтөө улс төрийн үр нөлөө болгон хувиргах боломж олгоно. Энэ нь БРИКС бүлэг дэлхийн эдийн засаг төдийгүй олон улсын бодлогын хүрээнд зохих байр суурь эзлэнэ гэсэн үг билээ.