Оросын судлагчид одоогоос 43 жилийн тэртээх эмгэнэлт хэрэг явдлын нууцыг илрүүлэх бодолтой байна.1968 оны 3-р сарын 27-нд  дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарин сөнөөгч онгоцоор сургуулилалтын нислэг хийж яваад  амь үрэгджээ. Юрий Гагарин амь үрэгдсэн өдрөө өглөөний 10 цаг 30 минутэд дэлхийтэй радиогоор сүүлчийн удаагаа холбоо барьсан билээ. "Нислэгийнхээ хөтөлбөрийг биелүүллээ. Нисэх онгоцны буудалд буцахыг зөвшөөрнө үү?" гэж Гагарин тайван өгүүлсэн байна. Диспетчер манёврлах зөвшөөрөл өгөв. «Ойлгосон биелүүлье» гэж нисэгч хэлжээ. Энэ нь дэлхийд сонсогдсон Гагарины сүүлчийн үгнүүд болжээ.Гагарины нисэх онгоцны хачин хөдөлгөөн радарын дэлгэцнээ тусгагдсан. Төлөвлөсөн чиглэлээр эргэхийн оронд  гэнэт бий болсон ямар нэг биеттэй  мөргөлдөхөөс зайлж байгаа мэт сөрөг тал руу  эрс хөдлөв. Энэ үед нисэх онгоцтой  холбоо тасрав. Гагарин ба багийн өөр гишүүн Серёгин нар  дуугүй  байсан гэж хожим нэгэн диспетчер мэдээлжээ. Ямар учраас Гагарин мөн тэр өдөр сургалтын сөнөөгч онгоцыг жолоодсоныг дурдая. Цэргийн нисэгч Гагарин  дэлхийн анхны сансрын нисэгч болсноосоо хойш долоон жилийн турш сөнөөгч нисэх онгоцыг жолоодоогүй байсан аж. Түүнийг үндэсний нөөц баялагтай адилтгаж их анхааран халамжлаж байсан юм. Гэвч Гагарин «амьд хөшөө» болохоос татгалзав. Тэрээр зоригтой залуу  байсан шуу. «Сансрын нислэг бас дахин удаа дараа хиймээр байна. Нислэг надад их таалагдсан» гэж тэрээр анхны сансрын нислэгийнхээ дараа хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Эрсдлээс айж сансар луу түүнийг явуулахгүй нь тодорсноос хойш Гагарин нисэх хүчний салбарт буцахаар шийджээ. Сөнөөгч нисэх онгоцыг долоон жил жолоодоогүй Гагарин  мэргэшилээ сэргээхийн тулд  сургуулилж эхлэсэн. Тэрээр нэгэн долоо хоногийн дотор сургагчтай хамт сургуулийн 18 нислэг хийсэн юм. Жагсаалтад буцахын тулд  хорооны дарга Владимир Серёгинтэй хамт дөнгөж сүүлчийн ганц  нислэг хийх л үлдсэн байсан… Гагарин, Серёгин хоёр чухам энэ нислэг хийхээр 1968 оны 3-р сарын 27-нд явсан билээ. Гагаринтай холбоо тасармагц эрэх ажиллагаа эхлэв. Багийн гишүүд өөрсдийгөө  аварч  амжсан байх гэж найдсан билээ. Ойд том шувтан нүх харагдаж байна гэж нэгэн нисдэг тэрэгнээс үд дүнд мэдээлжээ. Гагарины онгоц осолдсон нь даруй тодров. Сансрын нисэгч Алексей Леонов дурсан хэлэхдээ «Бид орой  осолдсон газарт очиж Серёгины цогцсыг олсон. Гэвч Гагарины цогц үгүй байв. Цэргүүд шөнөжин ойгоор явж, дуудсан. Катапульт төхөөрөг хэрэглэсэн байж магадгүй гэж бодсон. Маргааш нь Юрий Гагарины цогцсын хэд хэдэн хэсгийг олсон» гэв. Засгийн газрын комисс  нарийн мөрдөен байцааж, их хэмжээний материал цуглуулсан боловч  гол  асуудалд хариу өгсөнгүй. Нисэх хүчний генерал сансрын нисэгч Владимир Шаталов хэлэхдээ «Гагарин, Серёгин хоёр онгоцныхоо хурдыг багасгаж, доошоо нисэх боломжтой байсан. Гэвч тэгсэнгүй. Эцэст сөнөх даваанд хүрснээ ойлгож катапульт төхөөргөөр буух байсан. Хоёулаа  ийм арга хэмжээ аваагүй» гэв. Холбооо тасрасан ба сөнөх үе мөчийн хоорондын нэгэн минутын дотор Гагарины нисэх онгоц яасан бэ? Ямар гэнэтийн нөлөөгийн улмаас сөнөөгч онгоц унасан бэ? Ямар учраас багийн гишүүд сүүлчийн хэдхэн секундэд онгоцоо жолоодоогүй байна вэ?  Энэ хэрэг явдлын материалыг нэлээд удаан нууж далдласан юм. Бүх мэдээлэл баримтыг ил тод болгож, ахин мөрдөн байцаахыг оросын шинжээчид эмгэнэлт хэрэг явдлаас хойш 43 жил өнгөрсөн өнөө үед уриалж байна. Юрий Гагарин ямар учраас амь үрэгдснийг илрүүлэн  тогтооно гэдэгт мэргэжилтнүүд итгэж байна.