Японы «Фукусима-1» АЦС-ын тойрны хүнд байдал олонхи улс орныг атомын энергийг хөгжүүлэх стратегиа хянаж үзэхэд хүргэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс шинэ бүх АЦС-ын ажлыг түр зогсоох шийдвэр гаргав. Эдүгээ  Хятадад атомын эрчим хүчний 28 блок барьж байгаа хийгээд бас 38-ыг барьж эхлэх гэж байна.Тэдгээр дэлхийд барьж байгаа бүх АЦС-ын бараг 40 хувь билээ. Оросын зураг төслийн дагуу оросын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Зянсу мужид барьж буй «Тяньвань» АЦС-ын 2 дахь ээлж хятадын шинэ барилга байгууламжуудын дотор байна. «Тяньвань» АЦС-ын эхний хоёр блокыг 2007 онд ашиглалтад оруулжээ. Эдгээр хоёр блок хэвийн ажиллаж байгаа бөгөөд  аюулгүй байдлын талаар ямар ч гажиг алга гэж Улсын эрчим хүчний удирдах газрын төлөөлөгч Зэн Ячуань хэллээ. Гэсэн ч Төрийн зөвлөлийн захирамжийн дагуу оросын блокуудын аюулгүй байдлыг дахин шалгана.Блокууд нь бүрэн аюулгүй байна гэж Тяньвань АЦС-ын эрчим хүчний блокыг зохион бүтээсэн Москва орчмын Подольск  хотын зохион бүтээгчдийн товчооны атомын салбарын ажилтнууд үзэж байна. Атомын зохион бүтээгчдийн товчоог 1946 онд Полольскод байгуулжээ. Ямар ч шахуурга ердөө хийгээгүй боловч товчоог «Усан шахуурга» гэж нэрлэсээр байна. Тэр үед нууж дадлахад их анхаарал тавьж байсан учир жирийн  бор байшин дахь лаборатори,тасагуудын жинхэнэ зорилгыг гаднын хүмүүс мэдэх ёсгүй байсан. «Усан шахуурга» зохион бүтээгчдийн товчоо атомын аж үйлдвэрийг шинэ техникээр хангаж байна. Эхлээд атомын шумбагч  хөлөг онгоцны реакторын төхөөрөмжийг бүтээжээ. Дараа нь 1954 оны зун Москва орчмын Обнинскад ашиглалтад оруулсан дэлхийн анхны АЦС-ын илчит уусгуур, илч солилцох төхөөрөг зохион бүтээсэн юм. Одоо тус товчоо 300-аас 1700 хүртэл  мегаватын хүчин чадалтай суурин  ба хөвөгч АЦС –уудын реактор бүтээж байна.  «Бидний зохион бүтээсэн тоног төхөөрөмж 9 орны 18 АЦС-д ажиллаж байна гэж ерөнхий зохион бүтээгчийн орлогч Дмитрий Ермаков мэдээлэв. Орос улсаас гадна Хятад, Украин, Армени, Финланд, Болгар, Унгар,Чех, Словак улсуудад ажиллаж байна. Түүнчлэн Иран, Турк, Энэтхэг, Вьетнам улсуудад  АЦС барих төслүүдийг хэрэгжүүлэх гэж байна. Одоо ажиллаж буй станцуудаас  «Тяньвань» дэлхийн хамгийн аюулгүй АЦС юм. Газар хөдлөлтэд маш тэсвэртэйг  Дмитрий Ермаков тэмдэглээд «Энэ станцын барилгын бүтэц, гол тоног төхөөрөмж, аюулгүй систем энэ нутагт болж мэдэх хүчит газар хөдлөлт, үер өөрөөр хэлвэл ямар ч гай гамшгийг давна. Реакторын байшин давхар хамгаалалттай болохоор цацрал гадагшаа нэвтэрч гарахгүй. Түүнээс гадна реакторыг гаднын зохисгүй нөлөөгөөс  хамгаалж байна. 20 тоннын хүнд нисэх онгоц дээр нь унасан ч реакторын байшин эвдрэхгүй. Ийнхуу хамгаалах төслийг Хятадад анх удаа хэрэгжүүлсэн. Хятадын өөр ийм барилга байгууламжийг бодоход Тяньвань АЦС-ын реакторыг хүйтрүүлэх цөөрөм илүү том байна. Энэ нь нэн чухлыг японы Фукусима АЦС-ын осол харуулав. Тус станцын цөөрмийн багтаамж хангалтгүй байсан учир ноцтой саад бэрхшээл тулгарсан» гэлээ.Тяньвань АЦС-ын бас нэгэн давуу талыг дурдмаар байна.  Дмитрий Ермаковын хэлснээр бол  Хятадын АЦС-д оросын хосгүй технологийг анх удаа ашиглажээ. Маш хүнд ноцтой осол гарсан нөхцөлд ч хайлсан түлш, материалыг тусгай том лаазад  шилжүүлнэ. Үүний ачаар реакторын суурь ч, байр эвдрэхгүй. Энэтхэгийн Куданкуламд барих АЦС илүү бат бэх байх болно. Хятадын  станцыг барьснаас хойш 10 жил өнгөрсний дараа түүнийг барих учир техникийн талаар илүү боловсронгуй байх болно.