Муамар Каддафигийн дэглэмийн эсрэг 3-р сарын 19-ны орой эхэлсэн барууны орнуудын “Одиссея. Үүрийн туяа” нэртэй цэргийн ажиллагаа хүчээ авч байна. Хэдэн зуун “Томагавк” пуужин хөөргөсөн АНУ, Их Британ улсууд Франц улсын халааг авлаа. Холбоотнууд ПДХ объектуудыг устгасан гэж мэдээлж байна. Иргэний объектуудыг бөмбөгдснөөс болж олон энгийн номхон иргэд амь насаа алдлаа гэж Ливийн төр засаг мэдээллээ. Барууны орнуудын эвсэл 3-р сарын 20-ноос Ливийг тэнгисийн талаас нь бүсэллээ. Бүслэлтэд 20 гаруй байлдааны хөлөг онгоцууд оролцож байна. Ливи улсад явуулах барууны орнуудын ажиллагаа 3 үе шаттай явагдана. ОНХМХ-ийн мэдээлж байгаагаар бямба гаригт эхэлсэн 1-р шатанд ПДХ объектыг оролцуулаад 31 байд цохилт өгөх ёстой юм байна. Дараагийн 2 дахь шатанд агаарын цэргийн хоёр бааз болон Трипольд байрладаг Муамар Каддафигийн өргөөнд цохиолт өгнө. Харин 3 дахь төгсгөлийн шатанд эвслийн хүчин Ливийн зэвсэгт хүчинд байлдааны цохилт өгөхөр төлөвлөөд байна. Тус улсын агаарын орон зайг хаах болон гал зогсоох тухай НҮБ-ийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхөөс Ливи улс татгалзсан байна. Хууль бус цагаачлалтай тэмцэх хүрээнд ЕХ-той хамтран хэрэгжүүлж байсан хөтөлбөрөөс гарч байгаагаа Ливийн төр засаг мэдээллээ. НҮБ-ийн АЗ-ийн хуралдааныг нэн даруй хуралдуулахыг албан ёсны Триполь шаардлаа. Парис хотод болсон Арабын орнууд болон НҮБ-ийн төлөөлөгчид, ЕХ-ны орнууд, АНУ оролцсон дээд хэмжээний уулзалт дээр шийдвэр нь гарсан НҮБ-ийн АЗ-ийн зөвшөөрлөөр Ливид цэргийн ажиллагаа эхэлсэн билээ. Каддафигийн дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа, америкийн цэргүүд Ирак улсад халдан довтолсны 8 жилийн ойн өмнөхөн эхэллээ.