Газар хөдлөлт, цунами японы автомашины тэргүүлэх компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөв. Дэлхийн автомашины аж үйлдвэрт  тэргүүн байр эзлэж буй «Тойота» компани улс дотроо бүх  үйлдвэрлэлээ 3-р сарын 17 хүртэл зогсоож, үйлдвэрлэх машиныхаа тоо хэмжээг 40 мянгаар багасгаж болзошгүй. Түүнчлэн японы «Сузуки», «Ниссан», «Хонда» компаниуд ажлаа түр зогсоожээ. Эдүгээ японы үйлдвэрлэлийн  машиныг  дэлхий  даяар хэрэглэж  байгаа. «Тойота» америкийн «Форд» компанитой хамт автомашин үйлдвэрлэлийн салбарт  итгэлтэй тэргүүлж байна. Японы эдийн засаг америк, хятадын дараа орж, дэлхийд гуравдугаар байр эзлэж байна. Чухамхуу автомашины аж үйлдвэр японы эдийн засгийн өсөлтийн нэг ёсны зүтгүүр болсон юм. Автомашины салбарт хичнээн их хохирол учирсаныг одоогоор тодорхой хэлэхэд хэцүү. Харин гарз хохирол учирсан нь  мэдээж хэрэг  гэж Орчин цагийн хөгжлийн хүрээлэнгийн шинжээч Никита Масленников тэмдэглээд «Одоо цахилгаан эрчим хүч тасалдсан явдал  автомашины төдийгүй төмөрлөгийн салбарыг оролцуулан аж үйлдвэрийн ерөнхий байдалд зохисгүй нөлөөлсөн. Төмөрлөгийн аж үйлдвэрийн хөгжил саатвал автомашины үйлдвэрлэл зогсоно.Ийм байдал хэр удаан үргэлжлэхийг хэлэхэд хэцүү. Японы засгийн газраас бололцоотой бүхнийг хийж байна. Түншууд ч туслаж байна. Орос улс АЦС-ын үйлдвэрлэдэг цахилгаан эрчим хүчний уналтыг нөхөхөөр байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлж эхлэсэн» гэв. Японы тэргүүлэх томоохон авто компаниудын үйлдвэрүүд бараг бүх тивд ажиллаж байна. «Тойота» компани 8 сая машин, түүний дотор 4 сая 500 мянган машин бусад оронд байгаа  салбарууддаа 2011 онд  үйлдвэрлэхээр төлөвлөсөн билээ. Эдүгээ тус компани өнөөгийн сүйрэл Японоос Орост  нийлүүлэх машин, сэлбэгийн хэр хэмжээ болон Санкт-Петербург дахь үйлдвэрий нь үйл ажиллагаанд  хэрхэн нөлөөлөхийг таамаглахыг оролдож байна. Тус үйлдвэр  японы «Ниссан», «Мицубиси» компаниудын нээсэн өөр хэд хэдэн үйлдвэрийн нэгэн адил  манайд машинуудаа угсарч байна. Японд болсон байгалийн гамшиг  Орос дахь машин угсрах үйлдвэрүүдийнх  нь ажилд нөлөөлөхгүй байх гэж шинжээч хэлээд «Автомашины томоохон компани ямагт шилжих нөөцтэй байдаг. Оросын зах зээлд ажиллаж буй японы үйлдвэрлэгчдийн  үйлдвэрлэлийн хөтөлбөр ойрын  хэдэн долоо хоногт өөрчлөгдөхгүй бололтой. Хэтдээ янз бүрийн  хувилбар байж болно. Энэ нь японы эдийн засаг гарз хохиролоо түргэн нөхөх эсэхээс шалтгаална. Одоо  Орос Японы хоорондын эдийн засгийн харилцааг өөрчлөх боломж бий болсон. Байгалийн хийн салбарт ахиц дэвшил гарч, атомын эрчим хүчний хүрээнд хамтын ажиллагааг урагш ахиулж магадгүй. Эд  бүхэн болзошгүй хохиролоос сэргийлэн сэрэмжлэхийн тулд  автомашины үйлдвэрлэлийн салбарт ялангуяа технологийн шинэ шийдвэрийг нэвтрүүлэх, оросын нутаг дэвсгэрт автомашины эд ангийн үйлдвэрлэлийг тусгаарлуулах боломж олгож байна»гэв. 2010 оны үр дүнгээр чухамхуу японы автомашины бренд  дэлхийн автомашины аж үйлдвэрт тэргүүн байр эзлэсэн билээ. Ялангуяа «Ниссан» амжилт гаргаж, өөрийн ангилалын хүрээнд тэргүүний байр эзлэв. АвтоВАЗ үйлдвэрийг шинэчлэсний дараа «Рено-Ниссан» нэгдлийг   хөрөнгеө оруулалтын түнш болгон үйлдвэрлэлийг урагш ахиулжээ.