Ирэх 9-р сард олон улсын хүүхдийн их наадам гурав дахь удаагаа Улаан-Үүдэд болно. Энэ тухай Буриад улс, Монгол улс, БНХАУ-ын  ӨМӨЗУ- ын төлөөлөгчид Улаан-Үүдэд хийсэн уулзалтынхаа үеэр шийдвэрлэжээ. Олон улсын хүүхдийн анхны наадам нь гурван жилийн өмнө Улаанбаатарт болж, түүний дараа Хөх хотод болсон аж. Буриадын нийслэлд болох тус наадамд 1994-1995 онд төрсөн 700 орчим хүүхэд хүрэлцэн ирэх юм. Наадмын хөтөлбөр жил ирэх тутам өргөжин тэлэхийн зэрэгцээ  хүлээн авагч тал өөрийн хүсэлтээр спортын нэг төрлийг нэмж оруулдаг байна. Улаан-Үүдийн энэ арга хэмжээнд олимпийн 7 төрлийн : хөнгөн атлетик, нум сум харваа, чөлөөт бөх, ширээний теннис, жүдо барилдаан, бокс болон гар бөмбөгийн төрөл орж байна.