Хойт африкт болж байгаа хямралыг зөвхөн тайван замаар шийдэх хэрэгтэй. Ливийн эсрэг хүч хэрэглэхийг Москва шийдвэртай эсэргүүцэж байна. Энэ долоо хоногт Муаммар Каддафигийн цэргүүдэд цэгийн цохилт өгөхийг уриалсан Парис, Лондоны саналд ОУ-ын ГХЯ ийм хариу өглөө. Брюссельд баасан гаригт хуралдсан ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр франц, британы саналыг хэлэлцсэн юм. Ливийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг дэмжээгүй билээ. ЕХ-ны удирдагчид ямар ч гэсэн Парисийн жишээг дагахаар шийдлээ, тэд Ливийн шилжилтийн үндэсний зөвлөлийг “хэлэлцээр хийх хууль ёсны зуучлагч гэж” хүлээн зөвшөөрсөн юм. Каддафигийн дэглэмд үзүүлэх олон улсын дарамтыг хүчтэй болгох хэрэгтэй гэж дээд хэмжээний уулзалтаас тогтоосон байна. Тус бүс нутагт болж байгаа үйл явдлыг Брюссель “арабын хавар” гэж гоёмсогоор нэрлэж байна. Брюсселийн форумын өмнөхөн гарсан АНУ-ын Тагнуулын албаны дүгнэлтэд европын нийслэлд анхаарал хандуулаагүй бололтой. Ливийн сөрөг хүчин завшааныг ашиглаж чадаагүй бөгөөд одоо Муаммар Каддафиг унагаж чадахгүй гэж америкийн тагнуулууд үзэж байна. Босогчдыг бодвол засгийн газрын арми сахилга баттай, эсэргүүцэлийг дарах чадвартай гэдгээ харуулж чадлаа. Энэ үед Каддафигийн цэргүүд янз бүрийн дүгнэлтийг үл хайхран улс орны нефтийн төвүүдийг дайрах ажлаа үргэлжлүүлсээр байна. Рас-Лануф, Эз-Завия хотуудын төлөө шүрүүн тулалдаан болсон боловч аль хэдийнээ засгийн газрын цэргийн хяналтад орсон бололтой. Тус улсын зүүн нутгийн босогчдын гол түшиг тулгуур болсон Бенгази хотыг удахгүй чөлөөлнө гэсэн мессеж урьд нь сөрөг хүчнийхэн эзлээд байсан хотуудын оршин суугчидад ирсээр байна. Сөрөг хүчнийхэн ч Барууныхны тусламжгүйгээр удаан барьж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч тусламж гуйсаар байна. Ингээд Брюссель, Вашингтон хоёр азнах байдалд шилжлээ. Цэргийн ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцэхгүй байгаа боловч хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс хасаагүй байна. Ливийн агаарын орон зайг хаах, цэгэн цохилт өгөх талаар яригдаж байгаа ч гэсэн ЕХ, НАТО-гийн удирдагчид, НҮБ-ийн АЗ болон Арабын улсуудын лигийн зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй гэж үзсээр байна. Сонирхолтой нь урьд нь олон улсын хууль эрхийн хэм хэмжээг “эвслийн” удирдагчид нэг их тоодоггүй байсан билээ. Тэд ямарч тогтоолгүйгээр Югослав, Ирак улсуудыг бөмбөгдөж байсан шүү дээ. “Ардчилалыг тээгчдийн” энэ удаагийн хуулийг сонсдог мэт дүр эсгэж байгаа нь тэр цагаас хойш дэлхий дахины байдал эрс өөрчлөгдснийг харуулж байна гэж Улс төрийн судалгааны олон улсын хүрээлэнгийн захирал Евгений Минченко манай радиод ярилцлага өгөхдөө хэлээд: «Буш, НҮБ-ийн зөвшөөрөлгүйгээр Ирак улсад халдан довтолсон. Үүнээс болж АНУ-ын нэр хүнд дэлхий дахинд навс унасан. Ийм учраас НҮБ-ийн зөвшөөрлийг авах гэж янз бүрээр оролдох болно. Тухайн байдалд ингэх шаардлага байхгүй гэж би үзэж байна. Миний үзэж байгаагаар НҮБ ийм зөвшөөрөл өгөхгүй» гэж тэр хэллээ. Энэ саналыг ОУШУА-ийн Дорно дахины хүрээлэн бас дэмжиж байна. АЗ-ийн байнгын төлөөлөгчдийн ихэнх нь цэргийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Владимир Исаев итгэлтэй байна: «Ийм санал санаачлагыг дэмжихгүй гэдгээ ОУ мэдэгдээд байна. Мөн АЗ-ийн бусад гишүүд цэргийн оролцооны эсрэг байна гэж нээлттэй мэдэгдсэн. Харамсалтай нь олон улсын эрх зүй аль хэдийнээ асуудалтай байгаа, ийм учраас ямар нэгэн улс энэ мөргөлдөөнд цэргийн замаар шууд оролцохгүй гэсэн баталгааг хэн ч гаргаж чадахгүй. Мэдээж хэрэг энэ нь АНУ. Гэхдээ АНУ-д одоогийн хоёр дайн хангалттай байгаа. Ливи улсаас ирэх анхны шарил хоёр дахь удаагаа сонгогдох Барак Обамагийн бүх төлөвлөгөөг нураана. Богино хугацааны цэргийн ажиллагаа урт хугацаанд асар их хохиролтойгоо үргэлжилдэг гэдгийг туршлага харуулж байгаа шүү дээ» гэж тэр хэллээ. Одоохондоо Баруун, ливийн европын банкуудад байгаа дансуудыг битүүмжлэх зэрэг эдийн засаг, улс төрийн дарамтыг  Каддафид үзүүлж байна. “Одоогийн дэглэмийг зайлуулахын тулд” энэ бүхнийг хийж байна гэж Евро комиссийн дарга Жозе Мануэля Баррозу ярьж байна. Ойрын үед гурван талын дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцлоо. Энэ уулзалтад ЕХ, Арабын улсуудын лиг, Африкийн холбоо оролцох болно.