Оросын шууд  гар дээрхи  худалдааны зах зээл итгэлтэй өсөн нэмэгдэж байна. Шинжээчдийн тооцоолсноор 2010 онд мөн зах зээлд тэргүүлэх компаниудын ашиг орлого 9 хувиар өсөн нэмэгджээ. Энэ нь нийт дэлхийн үзүүлэлтээс ч өндөр байна. Эл үзүүлэлтийг хэвээр хадгалах нь 2011 оны зорилт юм. Шууд худалдаачид Орост байр сууриа бэхжүүллээ. Манай орны оршин суугчид гэр ахуйн бараа, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг нэрд гарсан пүүсүүдийн шууд  наймаачдаас дуртайяа худалдан авч байна. Euromonitor International  компанийн мэдээлснээр 2010 онд  шууд худалдааны зах зээл  96 тэрбум рубльд хүрч, 2009 оны үзүүлэлтээс 9 хувиар давжээ. Харин олон улсын зах зээл дөнгөж 7 хувиар өсөн нэмэгдсэн байна. Тэгэхдээ Орост уламжлалт гоо сайхны бараа, гэр ахуйн бараа биш хувцас, чимэглэл, эрүүл мэндэд сайн  бараа өсөлтийг хангав.Хямралаас хойш хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ  дэлгүүрээс биш гар дээрээс худалдаа хийгчдээс шууд авах илүү дуртай байна. Олон хүн шууд гар дээрхи худалдааны хүрээнд бизнес эрхлэхээр шийдсэн гэж Шууд худалдааны холбооны ерөнхийлегч Тамара Шокарева хэлээд «Орост жижиг бизнес эрхлэх боломж хязгаарлагдмал учир  шууд гар дээрхи худалдаа хүмүүсийг ажлаар хангахад туслаж байна. Тухайлбал манайд  зээл юм уу худалдаа хийх ямар нэг байр авахад хэцүү. Жижиг бизнест саад болдог олон хүчин зүйл бий. Иймээс шууд худалдаа бизнес эрхлэж эхлэхэд хамгийн аюулгүй хүрээ болсон» гэв. Хямралаас өмнө шууд гар дээрхи худалдааны зах зээл илүү түргэн өсөн нэмэгдэж байсныг дурдая. Жишээ нь тайван байсан 2007 онд 5 хувиар өсөн нэмэгдсэн бол хямрал гарсан 2008 онд дөнгеж 3 хувиар нэмэгджээ. Энэ нь эдийн засгийн донсолгооноос өөр хэд хэдэн шалтгаантай холбоотой юм. Зах зээл бараг дүүрсэн байна. Компаниуд маш олон шууд худалдагчтай. Одоо худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх цаг боллоо. Тэгэхгүй бол 2011 онд эргэлтийн өсөлтийн өндөр хурдацад хүрч чадахгүй гэж Тамара Шокарева үзэж байна. Тэрээр цааш нь хэлэхдээ «Компаниуд зөв стратегийг баримтлавал энэ онд зохих үр дүнд хүрнэ гэж бодож байна. Компаниуд шууд худалдагчдынхаа мэргэшлийг  дээшлүүлж, дэмжлэг үзүүлэх ёстой. Өөрөөр хэлвэл эрчимтэй үйл ажиллагааны үед шилжвэл зохино. Илүү олон шууд худалдагчийг  хөлслөх биш тэдэнд бизнесээ ахиулахад туслах үед шилжихэд зах зээлийн хэтийн төлөв оршино» гэв. Шууд худалдааны зах зээл  эрчимтэй хөгжвэл жижиглэн худалдаалах сүлжээний эргэлт сэргэнэ. Мөн сүлжээ хямралт байдлаас  гарч, дэлгүүрээ ахин нээж, ямар нэгэн хөнгөлөлт, бэлэг дурсгалын зүйлээр худалдан авагчдын сонирхолыг татаж байна. Интернет шууд наймаачдын өрсөлдөгч болжээ. Орост  сүлжээний бизнесийн  эргэлт 6 тэрбум доллараас  давлаа. Энэ онд бас 20-30 хувиар өсөн нэмэгдэнэ гэж таамаглаж байна.