3 –р сарын 9-нд  Юрий Гагарины төрсөн өдөр. Манай гаригийн анхны сансарын нисгэгч энх тунх байсан бол өнөөдөр 77 нас хүрэх байжээ. Энэ жил түүний сансарт ниссэний хагас зуун жилийн түүхэн ойг тэмдэглэнэ. Сансарт хөөрөх анхны тэр мөчид Юрий Гагарины хэлсэн” За, явцгаая!” гэх гайхалтай үгийг ихэнх хүмүүс мэддэг. Цааш нь харин юу болсныг тэр бүр хүн мэдэхгүй. Гагарин нислэгийн төвд цэргийн хүн шиг товч илтгэж байна: «Бие хүндэрч чичиргээнийг мэдэрч байна. Биеийн байдал хэвийн». Дараа нь нисгэгчийн ярианы өнгө өөрчлөгдөн: сэтгэл нь хөөрсөн баяр хөөртэй байлаа.  Хөдөлгүүрийн чимээ шуугиан дээр Гагарин залуу, хөгжилтэй  цовоо сэргэлэн хоолойгоор мэдээлж байна: «Цонхоор эх дэлхийгээ харж байна: цас, ой мод, газрын гадаргуу. Өөр юу нэмж хэлхээ, сэтгэгдлээ хэрхэн хуваалцахаа мэдэхгүй  байна.Харин та нараар сонин юу байна?» гэжээ.  Энэ бүх зүйл анхных , хамгийн аюултай  байж ч мэдэх, нислэгийн анхны мөч гэдгийг  зориуд тэмдэглъе. Гагарин өчүүхэн ч эмээгээгүй, тэр бүр сэтгэл нь хөөрсөн байлаа. Түүний эерэг энерги нь бүр эх дэлхийдээ байгаа найз нөхдүүдээ хүртэл сэргээсэн юм. «Би сайн байна, харин та нар бүү санаа зовоорой!» хэмээн тэрээр айвшруулж байлаа. Гагарины тухай нэгэн дуунд : «Ямар залуу байсныг та мэдэх үү?» хэмээн  дуулдаг. Ийм л  залуу байсан юм даа- жинхэнэ эр хүн. Түүний тухай гэрэл зурагууд  нь ч бас олоныг хэлнэ. Энд нэгэн зураг байна л даа. Үүнийг нислэгийн дараахан  1961 оны зун  авчээ. Гагарин Москвагийн кино наадмын төлөөлөгчдийн өмнө үг хэлж байна. Гайхалтай гоо үзэсгэлэнтэй  залуу  эмэгтэй нэгдүгээр эгнээнээс  түүнийг бишрэн харж байна. Энэ бол италийн киноны ид гялалзаж явсан од Жина Лоллобрижита. Энэ өдөр тэдний  зургийг авчээ. Сансарын нисгэгч болон дэлхийд алдартай кино од: тэд зэрэгцэж зогсон инээмсэглэж байна. Хамгийн гайхалтай зүйл нь гэвэл Юрий Жинагийн дэргэд ерөөсөө ч бүдгэрэхгүй, харин ч бүр түүнийг сүүдэрлэж байна гэлтэй. Энэ чанар түүнд бүр байгалаас заяажээ. Тэргэрэл  гэгээ цацруулагч. Жирийн тариачны гэр бүлд төрсөн. Дайн үзэж, дайсанд эзлэгдсэн газар амьдарч байсан. Хүнд хэцүү, ховор зэврийг бишгүй дээ л үзсэн дээ. Сурлага сайн байсан ч, гэр бүлээ тэжээж, эцэг, эхдээ туслах хэрэгтэй байлаа. Тиймээс гар урлалын сургуульд хэв-цутгагчийн ангид орж суралцлаа. Үүнтэй зэрэгцэн оройн сургуульд явна. Дараа нь үйлдвэрийн техникум, аэроклуб, цэргийн нисэгчдийн сургууль, тэнд нэг их удаагүй байтал сансарын нисгэгчдийн багт шалгарсан юм. Түүнийг мэддэг байсан хүмүүсийн сэтгэгдэлтэй танилцан, дуу хоолойг нь сонсч, зургийг нь харан дүрс бичлэг үзэж байхад Гагаринд  нэг гайхамшигтай шинж чанар байсныг мэдрэн гайхав. Тэрээр биеээ их сайхан авч явна, дур булаам, эрч хүчтэй,  зоригтой, энгийн, өөртөө их өндөр шаардлагатай, үргэлж биеийн тамир спортоор хичээллэдэг нэгэн. Эдгээр чанарууд нь түүнд байгалиас  заяажээ. Өөрөөр хэлбэл Бурхан түүнийг тэдгээрээр шагнасан ч гэж  хэлж болох. Эсвэл анхны сансарын нисгэгч өөртөө бий болгосон байх. Аль нь ч гэлээ энэ бүгд үнэн билээ. Түүний олон тооны гэрэл  зургуудын дунд нэг содон зураг бий. Түүн дээр Гагарин инээмсэглээгүй байдаг. Уг зураг нь нислэг дууссан хэдхэн мөчийн дараа хийгдэн бололтой. Гагарин гадуур сансарын нислэгийн  зориулалтын хувцсаа тайлсан, комбенизонтой, цээжээ товчлоогүй. Тайван, тунгалаг, ядарсан байдалтай царай. Түүний харц дотроо нилээд юм бодсон, цог зальтай  харагдана. Магадгүй түүний өмнө саяхан сансараас ажиглаж байсан тэдгээр дүр зураг дахин амилсан ч байж болох юм.  Эсвэл анхны сансарын нисгэгч маань долоон жилийн дараа, 34-хөн настай төгсөх богинохон амьдралаа харсан ч юм уу, хэн мэдлээ. Эд бүхэн одоо болтол оньсого хэвээр үлдсэн юм.