Орос Улсад Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тэмдэглэж байна. Мартын найман бол хавар цагын хамгийн сайхан баярын нэг бөгөөд энэ өдөр үзэсгэлэнтэй сайхан хүүхнүүддээ баяр хүргэж цэцэг бэлэглэдэг юм. Харин энэ баярын улс төрийн учир шалтгааны тухай  тэр бүхэн санахгүй байгаа байх. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал өнөөдөр олон улс оронд цаг үеийн асуудал хэвээрээ байна. Эмэгтэйчүүдийн баярыг чухам 3-р сарын 8-нд тэмдэглэх болсон нь америк эмэгтэйчүүдтэй холбоотой юм. 1857 оны  энэ өдөр Нью-Йоркт гутлын болон оёдлын үйлдвэрүүдийн ажилчин эмэгтэйчүүд анх удаа гудамжинд олноороо жагссан юм. Тэд эрэгтэйчүүдтэй адилхан цалин хөлс авах, ажлын цагыг тэдэнтэй адил болгохыг шаардсан юм. Тэр үед эрэгтэйчүүд өдөрт 10 цаг, эмэгтэйчүүд 16 цаг ажиллаж байсан байна. Түүнээс хойш 40 жилийн дараа гэрийн ажилтай эмэгтэйчүүд хоосон сав суулгаа гудамжинд авч гарч улс төрийн тэгш эрхийг шаардсан билээ. Энэ өдрийг жил бүр тэмдэглэх саналыг германын пролетаруудын удирдагч Клара Цеткин санаачилсан юм. Түүний уриалгыг 1910 онд олон орны эмэгтэйчүүдийн удирдагчид дэмжсэн юм. Орос улсад энэ баяр гурван жилийн дараа ирсэн юм. Харин НҮБ-ийн 1975 онд гаргасан шийдвэрээр 3-р сарын 8-ныг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” гэдэг албан ёсны статустай болгосон. Өнөөдөр дэлхийн олон оронд эмэгтэйчүүдийн асуудал хурц хэвээрээ л байна. Маш олон эмэгтэйчүүд ядуу зүдүү байдалд амьдарч, ялгаварлан гадуурхагдсаар л байна. Тэдний эрхийг хамгаалах асуудал 21-р зуунд НҮБ-ийн тэргүүлэх бодлогын нэг болсон нь тохиолдолын хэрэг биш гэж ЮНЕСКО-гийн дэргэдэх ОУ-ын элч төлөөлөгч Элеонора Митрофанова ярьж байна. «Манай дэлхий дээр байгаа 700 сая бичиг үсэг үл мэдэгчдийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд байна. Сургуульд сурахгүй байгаа 72 сая хүүхдийн 85% нь охидууд байна. Энэ бол аймшигтай тоо баримт юм. Байдал нь тогтворгүй улсуудад тэднийг гэрээс нь ч гаргадаггүй байна. Цэрэг дайны мөргөлдөөний үед болон гэр бүлийн доторх эмэгтэйчүүдийн хүчирхийлэл эмзэг асуудлын нэг хэвээрээ. Барууны орнууд болон ОУ-д асуудал шал ондоо байна. Дэлхийн томоохон 500 компанийн удирдагчдын 13 нь эмэгтэйчүүд. Бас 150 улсын төрийн тэргүүнээс 7 нь л эмэгтэйчүүд байна» гэж Элеонора Митрофанова тэмдэглэлээ. Гэхдээ Элеонора Митрофановагийн үзэж байгаагаар    эмэгтэйчүүд, охидын хоорон дахь тэгш эрхийн талаар дэлхий нилээд ургаш ахиад байна. Улс төрд эмэгтэйчүүд илүү үүрэг гүйцэтгэж байгаа улс орнуудын тоо нэмэгдсээр. Урьд нь эрэгтэйчүүдийн тэргүүлэх үүрэг мачизм ноёрхож байсан Латин Америкийн гурван орны төрийг эмэгтэйчүүд тэргүүлж байна. Парламентын суудлын гуравны нэгээс багагүйг эмэгтэйчүүд эзлэх ёстой гэсэн квотыг хэд хэдэн оронд хэрэгжүүлээд байна. ОУ-ын Улсын Думын дэд дарга Олимпын аврага Светлана Журова ярихдаа: «Эмэгтэйчүүд квотгүйгээр улс төрд орж чадахгүй гэж ярихад би дургүй. Одоо оросын эмэгтэйчүүдийн дунд жинхэнэ мэргэшилтэй хүмүүс олон байгаа үүнийг эрчүүд ч үнэлж эхэлсэн. Өндөр боловсролтой байна гэдэг эрчүүдтэй өрсөлдөх бодит чадвар, боломжийг тавьж өгч байгаа юм. Эмэгтэйчүүд хариуцлагатай, гүйцэтгэх чадвар сайтай болохоор олонхи эрэгтэй удирдагчид эмэгтэйчүүдийг орлогчоороо авч ажиллуулж байна» гэлээ.Энэ баярын зуун жилийн хугацаанд оросын нийгэм дэх эмэгтэйчүүдийн байдал маш их өөрчлөгдсөн. Эрэгтэйчүүдийн хийх дуртай ажил тэр дундаа улс төр, эдийн засгийг тэд эрчүүдээс дутахгүй мэдэж байгаа гэдгээ баталсан юм. Өнөөдөр улс орны бага, дунд бизнесийн гуравны нэгийг эмэгтэйчүүд эрхэлж байгаа гэдгийг хэлэхэд хангалттай бизээ. Хоёр хүн ажиллаж байгаа гэр бүлийн статистикаас хархад эмэгтэйчүүдийн дөрвөний нэг нь нөхрөөсөө илүү цалин авч байна. Эмэгтэйчүүд байгалиас заяасан мэдрэмтгий чанар, уян хатан байдал, итгэл хүлээх  зэргээрээ орчин цагын нийгэмд эрэлт хэрэгцээтэй байна. Түүнээс гадна оросын эмэгтэйчүүд улс орны дээд удирдлагад бага байр суурь эзлэж байна. Эмэгтэй хүн төрийн тэргүүний ажлыг хийж чадна гэж цөөнгүй оросууд үзэж байна гэж санал асуулгын дүн харуулсан байна. Тэгэхдээ ойрын ирээдүйд биш гэж Светлана Журова үзэж байна. «Дэлхийд болон ОУ-д сонгогчдын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг гэдэг нь тодорхой. Хүн төрлөхтний үзэсгэлэнтэй сайхан талын маань хүчтэй эр хүнийг хүсэх ухамсар нь үлдсэн хэвээрээ байна. Эмэгтэйчүүд төрийн тэргүүний төлөө санал өгөх болохоороо хамгаалагчаа л сонгодог» гэж  Светлана Журова хэллээ.Өнөөдөр ОУ-д эмэгтэйчүүд гэрийн ажлаас чөлөөлөгдөж, гал тогоонд эрэгтэйчүүд сав суулга хангинуулах болж байна. Мартын найман зөвхөн оросуудад ч биш хуучин ЗХУ-ын зарим БН улс, Хятад, Македон, Монгол, Балба, Хойд Солонгос улсууд болон африкийн зарим улсуудад амралтын өдөр юм. Эмэгтэйчүүдийн өдрийг олон улсын байгууллагууд тэр дундаа НҮБ-д тэмдэглэж байна. Европын олон оронд энэ баярыг мартаагүй байна. Куб улсад мартын 8-ныг үзэсгэлэн гаргаж, наадам зохион байгуулж угтдаг байна. Клара Цеткиний төрсөн нутаг Герман улсад эмэгтэйчүүдэд баяр хүргэдэггүй байна. Мөн АНУ-д бас адилхан. Тэр нэгэн цагт америк эмэгтэйчүүд тэгш эрхийн төлөө тэмцэл хийж шаардлага тавьж түүнийгээ амжилтанд хүргэсэн болохоор тэмдэглэдэггүй байх гэж америк эмэгтэйчүүд шоглон ярьдаг байна. Тэр тусмаа хөгжингүй орнуудад эрчүүд өөрсдийнхөө эрхийн төлөө хийх тэмцэл орчин цагын хит болсон үед шүү дээ.