Олон улсын хүмүүнлэгийн эрхийг зөрчиж байгаа хэн бүхэн хуулийн өмнө адилхан хариуцлага хүлээх ёстой гэж НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Трипольд анхаарууллаа. Ливи улсын баруун нутагт мөргөлдөөн үргэлжилж байгаад сэтгэл гүнээ түгшиж байгаагаа Пан Ги Мун ням гаригт илэрхийлсэн юм. Энгийн иргэдийн эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэн сонголтгүй давшилт явуулж байгаагаа зогсоохыг тэрээр төр засгаас шаардсан билээ. Олон улсын байгууллагуудын мэдээлж байгаагаар аюулгүй байдлын хүчин болон гадаадын хөлсний этгээдүүдтэй босогчид мөргөлдсний улмаас 6000 гаруй хүн амь насаа алдаж 4000 гаруй хүн шархадаад байна. Түүнээс гадна хөрш зэргэлдээ Тунист 200 мянга гаруй ливийн дүрвэгсэд цуглараад байна. Хүмүүнлэгийн сүйрлийг газар дээр нь үнэлэхийн тулд НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Абдель Илах аль-Хатыб тус бүс нутаг руу явж байна. Тунис улсын нутаг дэвсгэр дээр өөрийн эрхгүй байх шаардлагатай болсон Ливийн дүрвэгсэдэд ерөнхийлөгч Д.Медведевийн даалгаврын дагуу Москва хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Урьд шөнө дүрвэгсэдийн түр лагерьт хүүхдийн тэжээлийг оролцуулаад хүнсний бүтээгдхүүн болон майхан хүргэсэн байна. Оросын энэ удаагийн тусламжийн нийт жин нь 34 тонн болсон байна. Эм, эмийн бэлдмэл болон анхан шатны шаардлагатай хэрэгсэл ачсан оросын хоёр дахь онгоц Тунист мягмар гаригт газарджээ.  Ливи улсдаа байгаа иргэдэд туслах асуудлыг ОУ шуурхай шийдвэрлэж байна. Тус улсад хүнсний бүтээгдхүүн оруулахгүй байгаа ба тэндээс эмч нар аль хэдийнээ гарч явсан байна. ОУШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Араб, лалын судалгааны төвийн удирдагч Александр Филоникийн үзэж байгаагаар энэ бүсэд цэргийн оролцоо биш цаг үеэ олсон хүмүүнлэгийн тусламж л шаардлагатай байна: «Хэрвээ олон улсын хамтын нийгэмлэг хурдан шуурхай тусламж үзүүлэх юм бол хурцадмал асуудлыг 5-7 хоногт л намжааж болно. Дүрвэгсэдийн тоог бодитойгоор багасгах бүр доод хэмжээнд ч хүргэж болно. “Муухан найрамдал сайн маргаанаас дээр” гэсэн орос ардын зүйр үг байдаг даа. Барууныхан ливийн хүмүүнлэгийн сүйрлийг цэргийн аргаар шийдвэрлэхийг санал болгож байна. Энэ нь огт хэрэггүй гэж би үзэж байна. Асуудлыг энхийн аргаар шийдвэрлэхийг л бодох хэрэгтэй» гэлээ. Ливи улсад болж байгаа нөхцөл байдалд маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж Парис, Лондон, Оттава мэдэгдээд байна. Ливи улсад гаднаас нөлөөлөх ямарч ажиллагаа эсрэг нөлөө үзүүлнэ гэж Франц улсын ГХЯ-ны сайд Ален Жуппе мэдэгдлээ. Цэргийн оролцоог НҮБ, Арабын улсуудын лиг, Африкын холбооны шийдвэрээр шийдэх ёстой. Их Британ улс өөрийн гэсэн стратегийн ашиг сонирхолтой Персийн булангийн орнуудад улс төрийн хямрал болсон тохиолдолд үйл ажиллагаа явуулж чадахгүй болж магадгүй учраас Ливийн хэрэгт оролцохгүй байх хэрэгтэй гэж Британын цэргийнхэн ерөнхий сайд Дэвид Кэмеронд зөвлөлөө. Эдгээр улс бол Бахрейн, Оман улсууд юм. Энэ бүс нутгийн улсуудад байгаа өөрийн хэдэн мянган иргэдээ яаж нүүлгэн шилжүүлэх вэ гэдгийг Британ улс бодож боловсруулах ёстой гэж цэргийнхэн үзэж байна. Ливи улсын агаарт хаалттай бүс бий болгох асуудлыг өнөөдөр боловсруулж байгаа АНУ, НАТО хоёрт асар их цэргийн хүчийг бөөгнөрүүлэх шаардлагатай болно гэж Канад улсын Зэвсэгт хүчний штабын дарга Уолтер Натанчик анхаарууллаа. Үүнээс гадна нөхцөл байдал зөвхөн Ливи улсад ч биш бүх арабын ертөнцөд тодорхойгүй байна гэж тэр тэмдэглэлээ.