Арван хоёрдугаар таван жилийн бодлогыг хэрэгжүүлэхдээ ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх явцад онцгой анхаарал хандуулна. Энэ өдрүүдэд Бээжин хотод болж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао тавьсан илтгэлдээ ингэж мэдэгдлээ. Ерөнхий сайдын илтгэлд анх удаагаа “хүн бол бүхний үндэс” гэсэн зарчим улс орны удирдагчдын гол барих зүйл гэж заасан байна. Хятадын эдийн засгийн бодлогод мэдэгдэхүйц өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг заасан цорын ганц шинэлэг зүйл нь энэ биш юм. Сүүлийн хэдэн жил Хятадын ДНБ жил бүр дунджаар 10%-иар нэмэгдэж байлаа. Үүний хүчинд хятадын эдийн засаг анх удаагаа ДНБ-ий үзүүлэлтээрээ японыг гүйцэж одоо дэлхийд АНУ-ын дараа 2-рт ороод байна. Харин эдийн засгийн өндөр үзүүлэлтүүд удаан дэлбэрдэг бөмбөг тавьсан мэт боллоо. Баян, ядуу хүмүүсийн орлогын ялгаа болон бүс нутгийн хөгжлийн түвшин хэт зөрүүтэй болсон, эдийн засгийн чиглэл хэтэрхий экспортод чиглэсэн зэрэг нь Хятадын эдийн засгийн хэт хөгжлийн эсрэг тал боллоо. Дотоодын хэрэглээг үнийн өсөлтөөр тогтоон барьж байна. БХАТИХ-ын чуулган дээр үйлдвэрлэлийг дотоодын зах зээлд чиглүүлэх, дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх нь шинэ таван жилийн тэргүүлэх чиглэл гэж заасан байна. Энэ даалгаварыг шийдвэрлэхийн тулд улс орны хэрэглээний зах зээлийн инфляцийг жилийн 4%-ийн түвшинд байлгах ёстой. Энэ нь бодитой юу, үгүй юу гэдгийг ОУШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Хятадын нийгэм, эдийн засгийг судлах төвийн удирдагч Андрей Островский тайлбарлахдаа: «Хятад улс “дунд түвшингийн нийгэм” байгуулахдаа түүний эдийн засгийн хөгжлийг тогтоон барьж байгаа гурван хүчин зүйлийг тооцох ёстой. Энэ нь хүн ам нь тоо томшгүй олон, эрчим хүчний нөөцийн хүрэлцээ муу, хүрээлэн байгаа орчны байдал асар муу зэрэг гурван хүчин зүйл юм. Зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад эдгээр асуудлыг шийдвэрлэх нь инфляцийг өөрийн эрхгүй хөөрөгдөж байгаа юм» гэж тэр хэллээ. 2010 оны дүнгээр, үнэ 3,3%-иар өссөн. Энэ нь тийм их биш мэт харагдаж байгаа юм. Үнэн чанартаа энэ нь“эмнэлэгийн дундаж температурыг” харуулж байгаа юм гэж профессор Островский ярьж байна. Учир нь олон нийтийн хэрэглээний хэд хэдэн барааны үнэ маш хурдан өссөн юм. Жишээ нь хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жил 7,2%-иар өссөн. Үүний зэрэгцээ улаан буудайн үнэ 11,8%, жимс 15,6%, ногоо бараг 19%-иар тус тус өссөн билээ. Хүнсний бүтээгдхүүний үнийн түргэвчилсэн өсөлтөөс үүссэн инфляцаас болж эхний ээлжинд бага орлоготой хүмүүс хэлмэгдэж байна. Эд хөрөнгийн байдлаар хуваагдсан нийгэм, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, авилгал зэрэг асуудлуудыг шийдэх хэрэгтэй байна. Энэ асуудлуудыг шийдэхгүй байгаад иргэд илт дургүйцэж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд Хятад улсын хувьд нийгмийн хүчтэй донсолгоо болж мэдэх юм.