Ливи улсад төр засгийн хүчин болон сөрөг хүчний хооронд зэвсэгт сөргөлдөөн улам гаарч тус улсын янз бүрийн нутагт цус урссаар байна. Жамахириин “халуун цэг” болсон Рас-Лануф, Эз-Зауия хотыг хяналтдаа авсан гэж эрх баригч дэглэм болон сөрөг хүчнийхэн ээлжлэн мэдэгдлээ. Засгийн газрын АЦХ Бенгази хотын ойролцоох зэвсгийн агуулахуудад цохилт өгсний дүнд 20 гаруй хүн амь насаа алджээ. Триполи хотын захад эсэргүүцлийн жагсаал хийх гэсэн сөрөг хүчнийхний оролдлогыг Муаммар Каддафид үнэнч хүчнийхэн таслан зогсоолоо. Баасан гаригт засгийн газрын эсрэг жагсаал Алжир, Йемен, Саудын Арав, Бахрейн, Оман улсуудад болсон байна. Олон нийтийг хамарсан жагсаал цуглаан Ливи улсад 2-р сарын 15-наас болж байна. Аюулгүй байдлын хүчин болон гадаадын хөлсний этгээдүүд жагсагчидтай мөргөлдсний улмаас 1000-2000 хүн амь насаа алдсан гэсэн мэдээ байна.