Хосгүй ургамал, бичил организмыг хадгалах нэгдсэн төвийг «Сколково» инновацийн төвийн сууринд байгуулж магадгүй. ОХУ-ын олон нийтийн танхимаас ийм санаачилга дэвшүүлжээ. Урьдчилан харахын аргагүй тохиолдол буюу сүйрэл гарсан үед хэрэглэх олон тонн хүнсний бүтээгдэхүүн төдийгүй оросын эрдэм шинжилгээний байгууллагуудын биологийн хосгүй материалын үнэлж барашгүй ач холбогдолтой цуглуулга манай орны нөөц баялаг болсон юм. Орос улс хаант засгийн үеэс төрөл бүрийн биологийн цуглуулгыг байгуулж эхэлсэн гэж ОХУ-ын олон нийтийн танхимын төлөөлөгч Надежда Школкина хэлээд «Дэлхий дахин биологийн ийм цуглуулгын хөгжлийн урьтал чиглэл ач холбогдолтойг ойлгож, хурдацтай шуурхай хөгжүүлэв. АНУ-д ийм ажиллагааг  9-р сарын 11-нээс хойш нууцлав. Хятад  түүнийг маш эрчимтэй хөгжүүлж байна. Норвеги «Нойн авралын шинэ усан онгоц» үйлдвэрлэж байна. Эдүгээ дэлхий дахин  янз бүрийн өвчин эмгэг, төрөл бүрийн гажигт нэрвэгдсэн учир биологийн ууган материалыг нөөцлех болсон» гэв. ХХ зуун гарсаар гариг дэлхий хөдөө аж ахуйн  ургамлын төрлийн 75 хувийг алдаад байна. Энэ нь дэлхийн хамтын нийгэмлэгт дэлхийг хүнсний бүтээгдэхүүнээр хангах, ядуурлыг бууруулах асуудлыг шийдвэрлэхэд ноцтой саад учруулж байна. Орос улс ургамал, бичил организмын төрөл зүйн томоохон сантай таван улсын дотор 4-р байр эзлэдэг. Санкт-Петербург дахь Бүх оросын ургамлын судлалын хүрээлэн таримал ба зэрлэг ургамлыг цуглуулах, хадгалах, оновчтой ашиглах асуудлыг 100 гаруй жилийн турш судлаж ирсэн юм.Ургамлын  300 мянга гаруй төрөл хүрээлэнгийн санд байгаа. Орлогч захирал Елена Гаевская хэлэхдээ  «Хөдөө аж ахуйн бараг бүх төрлийн ургамлыг цуглуулаад байна. Тухайлбал, үр тариа, шош, тослог ургамал,ногоо, тарвас, жимс, төмс гээд эдүгээ хүрээлэнгийн төрөл зүйн санд  хадгалж буй  цуглуулга  ургамал тарих, эдийн засгийн талаар чухал хөдөө аж ахуйн ургамлыг шигшин сайжруулах  стратегийн хүчирхэг үндэс суурь болж байна. Эдгээр цуглуулга хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой байгааг 1920 оноос 2010 он хүртэл Орос ба ТУХН-ийн гишүүн бусад орны ургамлын  сортын 70 хувийг  ийм цуглуулгын үндсэн дээр бий болгосон явдал нотлон харуулсан» гэв. Биологийн цуглуулгыг  хөдөө аж ахуйн хөгжилд төдийгүй анагаах ухаан, эрчим хүч, хими  гээд аж үйлдвэрийн олон салбарт ашиглаж болно. Жишээ нь бичил организмын тусламжтайгаар эрчим хүчний өөр чухал эх сурвалж болсон биотүлш үйлдвэрлэж болно. Нефть асгарсан тохиолдолд  үнэтэй техник хэрэглэлгүй  бохирдсон газрын хөрс, усан цөөрмийг цэвэрлэх  нян Оросын ШУА-ийн Саратовын ургамлын биохими, физиологийн хүрээлэнд байгаа. Дашрамд хэлэхэд  тус хүрээлэнд Орост хамгийн томд орох залаат ургамалд ашиг тустай азоспирил хэмээх нянгийн цуглуулга байна. Нянгийн цуглуулгыг хариуцсан Людмила Позднякова хэлэхдээ «Эдгээр нян ургамлын үндэс  ба газрын хөрсөнд байдаг. Ургамлын үндэснээс ялгарах шимтэй бодисыг  ашиглаж, газрын хөрсөнд органик нийллэгийг ахин боловсруулахад туслаж байна. Ургамал өөрөө тэгж чадахгүй. Энэ нь бичил организм, ургамал хоёрын нэг ёсны харилцаа  холбоо гэж хэлж болно» гэв. Мэргэжилтний хэлснээр улс орныхоо  биологийн материалыг хэвээр хадгалах нь чухал юм. Оросын улаан буудай, арвай ба залаат өөр ургамалд «төрөлхи» азоспирил нян таарна. Гадаадын мөн адил нян манай ургамалд таарахгүй. Эдүгээ Орост  100 орчим ургамлын  цэцэрлэг, бичил организмын 100 гаруй цуглуулга, хосгүй 50 гаруй ургамлын цуглуулга бий. Олонхи гадаад улс биологийн ховор матерал авахыг сонирхож байна. Бүр гадаадад хууль бусаар явуулсан тохиолдол ч гарсан. Эдгээр бүх цуглуулгын тухай мэдээллийн сан бүхий Зохицуулах төвийг байгуулах нь үе үеийн эрдэмтдийн  нөөцөлсөн баялгийг хэвээр хадгалж, Оросын эдийн засгийг шинэтгэхэд аль болох оновчтой ашиглах боломж олгоно гэж ОХУ-ын Олон нийтийн танхимын гишүүд үзэж байна.