АНУ мэдээллийн дайнд  арабын орнууд болон Хятад, Орос улсуудад ялагдаж байна гэж Хиллари Клинтон америкийн конгресст хийсэн сонсгол дээр мэдэгджээ. Гадаад орнууд руу явуулах нэвтрүүлгийг өргөжүүлэхийн тулд тусгай газрых нь төсвийг нэмэгдүүлэхийг  Төрийн нарийн бичгийн дарга уриалсан байна.  Америкийн суртал нэвтрүүлэг хүйтэн дайны үед  маш сайн ажилласан гэж  Хиллари Клинтон үзэж байна. Берлиний хана нуран унаснаас хойш  Вашингтон тайвширсныхаа хор уршгийг одоо мэдэрч  байна. Хувийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд  энэ «хоосон орон зайг» эзлэж чадахгүй гэж Хиллари Клинтон үзэж байна. Үүний улмаас бусад орны хүн амын ухамсарт төлөвшсөн америк хүний дүр төрх АНУ-ын иргэний жинхэнэ зан төлөвт нийцэхгүй байна. Жишээ нь америкчууд өөрсдийгөө чийрэгжүүлж булчирхаг болгодог хүмүүс гэж афганистаны оршин суугчид үздэг. Тэд телевизээр ийм америк хүнийг хардаг байна. Төрийн нарийн бичгийн даргын ярьснаар бол АНУ мэдээллийн дайнд одоогоор ялагдаж байна. Арабын «Аль-Жазира» телевизийн суваг, Хятадын олон улсын телевизийн сүлжээ, Оросын англи хэлээр нэвтрүүлэг явуулдаг Russia Today суваг ялсан гэж Клинтон хэллээ. Харин Төрийн нарийн бичгийн дарга мэдээллийн дайнд ялагдсан гэсэн нь хэтрүүлэг   гэж шинжээчид үзэж байна. Тэрээр конгрессоос хөрөөнгө авах гол зорилготой. Гэвч америкийн суртал нэвтрүүлгийн машин өө сэвгүй жигд ажиллаж байна хэмээн үзэж болохгүй. Энэ нь сүүлийн үед арабын орнуудад болсон хэрэг явдлуудаар илэрсэн гэж Улс төрийн технологийн төвийн дэд ерөнхийлөгч Сергей Михеев «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд «Эдгээр бүх хувьсгалт хөдөлгөөн үнэн чанартаа өрнөдийн эсрэг шинжтэй.Түүнийг  ардчилал тийш хөдөлгөөн мэтээр харуулах гэсэн америкийн оролдлого үр дүнд хүрэхгүй байна. Эдгээр нь америк маягийн ардчиллын төлөө биш дарангуйлан захиргаадах удирдагчдын эсрэг хөдөлгөөн юм. Нөгөө талаас АНУ мэдээллийн дайнд хоцорч байна гэх нь хэтрүүлэг болно» гэв. Америкийн агентлагуудын ноёрхол улирч байна гэж  Russia Today телевизийн сувгийн удирдагч Маргарита Симоньян үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх л болно. Өөр хэлээр нэвтрүүлэг явуулдаг телевизийн сувгуудад зориулсан үнэ төлбөргүй дүрс бичлэгийн  Free Video  төслийг маш идэвхтэй хөгжүүлж байна. 4 мянган захиалагчтай болоод байна. Тэгснээр бидний  үзэгч сонсогчдын тоо хэд дахин нэмэгдэж байна. Энэ нь Орос улс  өөрийн дүрс бичлэг,тайлбар,байр сууриа өөр сувгуудад нэвтрүүлж байна гэсэн үг. Урьд  англи хэлээр нэвтрүүлэг явуулдаг сувгууд мөн зах зээлд монопольт байдалтай байв. Бид байдлыг өөрчилж байна. Цаашдаа ч мөн чиг шугамыг баримтлана. Тэгвэл Хиллари Клинтон мэдээллийн дайнд ялагдаж байна гэлгүй ялагдсан гэх болно» гэв. Дэлхийн  гадаад хэлээр нэвтрүүлэг явуулдаг томоохон «Оросын дуу хоолой» радио станц ч мөн чиглэлээр урагш ахиж байна. Манай радиогийн түүх 1929 онд эхлэсэн. Би-би-си түүнээс хойш гурван жил өнгөрсний дараа, «Америкийн дуу хоолой» долоон жилийн дараа тус тус  нэвтрүүлэг явуулж эхлэсэн билээ. Одоо «Оросын дуу хоолой» радиогоос 38 хэлээр дэлхийн 160 улс руу нэвтрүүлэг цацаж байна. Радио станц өөрийн мэдээллийг орчин цагийн  арга барилаар сонирхуулж байна. Эдгээр нь богино, дунд радио долгион төдийгүй  FM долгион, хиймэл дагуулын суваг, гар утас зэрэг арга барил билээ. Интернетийг улам өргөн ашиглаж байна. Нэвтрүүлгийг  компанийн сайтаас сонсож, мэдээ, тайлбарыг жишээ нь Facebook  гэх мэт олон нийттэй харилцах сүлжээнээс уншиж болно. Дашрамд хэлэхэд америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлхийн сүлжээнд байр сууриа өргөжүүлэх ёстой гэж Хиллари Клинтон үзэж байна. Энэ нь ойлгомжтой.Учир нь сүүлийн үед  телевиз,радиогийн сонсогчдын тоо цөөрч байна. Тэд гол төлөв Интернетээс мэдээлэл авах болсон. Дайн гэхээс татгалзах бол уу. Мэдээллийн талбарт ялагчгүй  тэнцүү байдал тогтвол зохино.  Хүмүүс янз бүрийн үзэл санаа, саналыг харьцуулж, гаднаас тулгасанд биш өөр өөрийнхөө л дүгнэлтийг хийх юм.