Хойд Африкийн хэрэг явдал эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг ахин хэлэлцэхэд дэлхийн хамтын нийгэмлэгийг  хүргэв. Ливийн нийт олны тэмцэл хөдөлгөөн ямар хор уршигтай болж  мэдэхийг Европ таамаглаж байна. Найдвартай нийлүүлэгч гэдгээ нотлон харуулсан орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг нэр хүндтэй шинжээчид  уриалж байна. Орос улс энэ тал дээр гол байр эзлэж байна. Ливийн эмх замбараагүй байдлын улмаас олонхи томоохон  компани тус улсад олборлолтоо зогсоов. Германы Wintershall, британийн BP, францын Total, норвегийн  Statoil компаниуд болон англи-голландын  Shell концерн нефть олборлох төслүүдээ энд  хэрэгжүүлэхээ болив. Эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлт тасалдах вий гэж Европ болгоомжилж байна. Иймээс  найдвартай нийлүүлэгчийг эрэх асуудал эн түрүүнд гарчээ. Орос улс чухам ийм түнш болсоноо аль хэдийнэ батласан. Тэр ч байтугай Хойд, Өмнөд урсгал  хоолойнуудыг барьснаар Европын эрчим хүчний аюулгүй байдал  баталгаатай болно. Германы  гадаад бодлогын зөвлөлийн Орос-Еврази төвийн захирал Александр Рар хэлэхдээ «Европ нефтийг шатдаг хийгээр аажмаар солихыг бүгд ойлгож байна. Иймээс шатдаг хийн нийлүүлэлт европын зах зээлд их ач холбогдолтой болно. Орос  улс бол Европт  нефть хий найдвартай нийлүүлж буй   цөөн орны нэг юм.Миний бодоход Орос хойшид ч Европт нэмэлт нүүрс ус төрөгчийг нийлүүлэлхийг баталгаатай болгоно» гэлээ. Ливи, Алжираас нийлүүлэх нефть хийн хэмжээг багасгах хувилбарыг Итали авч үзэж байна. Нийлүүлэгч орнуудыг олшруулах тухайд гэвэл найдвартай  ганц түнш байгаа нь эргэлзээгүй гэж италийн сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн Жульетто Кьеза тэмдэглээд «Итали Ливийн шатдаг хийн нийлүүлэлтээс шалтгаалж байна. Мөн нийлүүлэлт 10 хувь эзлэдэг. Италид Алжираас нийлүүлдэг шатдаг хий бас 10 хувь эзлэж байна. Байдал ойрын үед хэвийн болохгүй юм бол  нөөц дутагдана. Орос улс Италийг шатдаг хийгээр бас хангаж байна. Иймээс удахгүй Орос улсаас авах шатдаг хийг нэмэгдүүлэх асуудал дээр ажиллах бололтой» гэлээ. Хойд Африкийн орнуудад тэмцэл хөдөлгөөн өрнөсөн нөхцөлд Европт нийлүүлэх шатдаг хийн хэмжээг нэлээд нэмэгдүүлж чадна гэж Орос улс батлан илэрхийлэв.