Ливийн тэргүүн Муаммар Каддафи болон түүний гэр бүлийн гишүүд, ойрын хамтран зүтгэгчдийг улс орноосоо явахыг хориглосон хориг арга хэмжээг НҮБ-ийн АЗ авлаа. Зохих тогтоолыг урьд шөнө сайшаасан байна. Мөн АЗ-ийн шийдвэрээр Ливи улсад бүх төрлийн зэвсэг худалдахыг зогсоосон бөгөөд энэ улсад энгийн номхон иргэдийн амь насыг хохироосон хэргийг мөрдөн байцаахыг Олон улсын эрүүгийн шүүхэд даалгасан байна. ОУ тус тогтоолыг дэмжиж байгаа бөгөөд энэ хямралаас гарахад нь ливийн ард түмэнд туслахад бэлэн байна. Тус улсыг 42 жил удирдсан Муаммар Каддафиг төрийн эрхээс зайлуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал 2-р сарын 15-наас эхэлсэн билээ. НҮБ-ийн мэдээгээр аюулгүй байдлын хүчинтэй мөргөлдсний улмаас мянгаад хүн амь насаа алдаж 4000 гаруй хүн шархадаад байна.Тус улс цус асгаруулсан иргэний дайнд хүрээд байна. Омог хоорондын алаан хядаан болж магадгүй байна. Олон арван жил оршин тогтносон Муаммар Каддафигийн дэглэмийн үндэс суурь болсон Ливийн нөлөө бүхий омогуудтай Триполийн тогтоосон байсан онцгой систем асар хурдтай нуран унаж байна. Энэ долоо хоногийн сүүлчээр нөлөө бүхий олон омогууд сөрөг хүчний талд орсон нь Каддафигийн оршин тогтнох боломжийг багасгасаар байна. Каддафигийн хаан суудал нэг бус удаа донслож байгаа юм. Ливийн нефть шаардлагатай байсан  Барууны орнууд урьд нь түүнийг залуурын ард үлдэхэд нь туслаж байсан юм гэж ОУШУА-ийн Дэлхийн эдийн засаг ба олон улсын харилцааны хүрээлэнгийн Арабын судалгааны төвийн шинжээч Владимир Сотников үзэж байна: «Жирийн иргэд нисэж явсан онгоцийг Шотландад ливийн алан хядагч дэлбэлсэн «Локербийн хэрэг» гэгчийг үйлдсэн хэргээс Муаммар Каддафиг тухайн үед нь өршөөсөн юм. Ливийн тэргүүн алан хядах ажиллагаа үйлдэх тушаал өгсөн гэсэн цуу яриа байсан ч түүнийг өршөөсөн юм. Түүнээс гадна америкчууд Иракт явуулж байсан цэргийн ажиллагаагаа Ливи улсын эсрэг чиглүүлж магадгүй гэдгийг Муаммар Каддафи мэдэрсэн юм. Америкууд 1986 онд  «Локербигийн хэргийн» дараа ливийн Бенгази хотыг бөмбөгдсөн билээ. Үүний үр дүнд ливийн тэргүүн үй олноор хөнөөх зэвсэг бүтээх хөтөлбөрөөсөө хурдхан татгалзсан юм. Баруунтай эвтэйхэн тохиролцох хэрэгтэй гэдгийг тэр ойлгосон юм. Ингэснээр   барууны орнууд Каддафиг өршөөж, хамтран ажиллахаар болсон байна. Ливид барууны нефтийн компаниуд ирж, Баруун Европын орнуудад нефть нийлүүлэх ажлыг бүрэн хэрэгжүүлсэн юм. Хүний эрхийн хүрээнд  илэрхий ноцтой зөрчил гарч байгааг харсаар байж л барууныхан үүнийг хийсээр байсан билээ» гэж хэлсэн. Тэр үед ливийн тэргүүнийг өршөөгөөд ч зогсоогүй юм. Түүнийг маш халуун дотноор «тэврэн угтаж» халуун өвөртөө  багтаасан юм гэж италийн нэрт сэтгүүлч, Евро парламентийн гишүүн асан  Жульетто Кьеза тэмдэглээд: «Тэр үед Каддафи өөрийн хувийн баялагаа барууны банкуудад шилжүүлэхээр шийдсэн юм. Энэ нь соёлт ертөнцөөс ангид амьдрахгүйн тулд түшүний хийсэн хувийн сонголт байсан юм. Барууны санхшүүгийн тоглоомд хэн нэгний хувь байвал түүнийг хүн гэж тооцдог нь барууны соёлын нэг горим юм. Ийм учраас л  Каддафиг  бусад хөрөнгөтнүүдийн нэгэн адил барууны гэр бүлд багтаасан юм. Сүүлийн 5-6 жил Каддафи нэгэн тогтворжуулах хүчин зүйл болсон юм. Тэрээр цагаачлалыг хянаж байсан бөгөөд италийн засгийн газартай хамтран ажиллаж, жишээ нь цагаачдыг Европ болон Итали улсад нэвтрүүлэхгүй байсан юм. Тэгэхлээр энэ аймшигтай дарангуйлагч , Европын гарт ашигтай зэмсэг болж байжээ. Ийм учраас түүнийг манай европын шуналт гэр бүлд багтааж авсан билээ»  гэж тэр ярилаа. Өнөөдөр Барууны орнууд Каддафигаас нүүрээ буруулж, түүнийг өөрийн ард түмнийхээ эсрэг дарангуйлал үйлдсэн гэж буруутгаж байна. Ерөнхийлөгч Барак Обама түүнийг «АНУ-ын аюулгүй байдлын дайсан» гэж нэрэллээ. Энэ нь түүний дэглэмийн эрин зуун төгсөж байгаа гэдгийг харуулж байгаа биш үү? Жульетто Кьезагийн саналыг сонсьё: «Сүүлийн үеийн мэдээнээс харах юм бол Каддафи аль хэдийнээ улс төрийн шарил болжээ. Тэрээр эсэргүүцлийг тогтоон барьж чадахгүй бөгөөд түлхэн унагаагдана. Эмх замбараагүй байдал удаан үргэлжлэх  болно» гэж тэр хэллээ. ОУШУА-ийн Дэлхийн эдийн засаг ба олон улсын харилцааны хүрээлэнгийн Арабын судалгааны төвийн шинжээч Владимир Сотников энэ дүгнэлтийг задлан шинжлэхдээ: «Муаммар Каддафи энэ удаа ч гэсэн тогтоон барьж чадаж магадгүй гэдгийг би үгүйсгэхгүй байна. Хэсэг хугацааны дараа барууныхан дахиад л өөрийн гэсэн тохиролцоо хийж магадгүй, учир нь бүгд л нефтийг сонирхосоор байна. Бослогод оролцогчдыг цусанд нь живүүлж байгаа Муаммар Каддафигийн «нүглийг» барууныхан хараагүй мэт болж мэдэх л юм» гэлээ. Нэг талаас хэдэн арван жил ливийн омогуудыг  нэгдэн нягтруулж байсан нефть «ливийн» гэсэн өвөрмөц шинж чанараа алдаж мэдэх юм. Нөгөө талаас энэ удаа Баруун нэг гараараа ливийн нефтийг  тэврэн авч, нөгөө талаараа Ливид болж байгаа бүхнийг хараагүй мэт байж чадах уу гэдэг л ойлгомжтой биш байна. НҮБ-ийн мэдээгээр 2-р сарын 15-нд эхэлсэн эмх замбараагүй байдлаас болж мянга гаруй хүн амь насаа алдаад байна.