Ливи улс  иргэний дайны босгон дээр байна.Энэ сарын 15-нд эхлэсэн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн  тус орны нийслэл болон бусад хотыг хамрав. Триполи бараг бүслэлтийн байдалд оров. Армийн анги нэгтгэл гудамжуудад гарчээ. Цэргийн нисэх онгоцууд нийслэл хот дээгүүр үргэлж нисч байна. Триполийн зарим хорооллыг бөмбөгдсөн тухай мэдээ ирээд байна. Гэвч ливийн хувьсгалын удирдагч Муаммар Каддафын хүү Сейф аль-Ислам эдгээр мэдээг няцаав. Оросын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн захирал Алексей Васильев  арабын энэ улсад үнэн хэрэг дээр юу  болж байгаа болон байдлын цаашдын төлөвийг  хөндөн хэлэхдээ: “ Тэнд юу  болж байгааг бараг хэн ч мэдэхгүй байна. Гадаадын сэтгүүлчид Ливид үгүй. Тус улсаас ирээд байгаа мэдээ зөрчилтэй. Гэвч ард олны тэмцэл хөдөлгөөн өргөн цар хүрээтэй болсон гэж лавтай хэлж болно. Тэмцэл хөдөлгөөн дэглэмийн талынхан ба сөрөг хүчний хоорондын зэвсэгт мөргөлдөөн болж хувирч байна. Каддафид үнэнч цэрэг арми  цаашдаа яахыг хэлэхэд хэцүү. Тэмцэл хөдөлгөөн Ливийн өөр нутгийг хэр хамарсан болон эрх баригчдын байр суурь хэр хүчтэй байгаагаас  байдал шалтгаална» гэв. Дипломат байгууллагууд ч гуйвж дайвж байна. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр Бангладешт суугаа Ливийн элчин сайд албан тушаалаа орхив. Энэтхэгт суугаа Ливийн элчин сайд Али аль-Эссави  Триполийг бөмбөгдсөний тухай мэдээлэл аваад түүний жишээг дагав. Ливи улсаас АНУ-д суугаа элчин сайд Али Аужали Муамар Каддафид хандан албан тушаалаа орхиж, ирээдүйгээ бие дааж цогцлон байгуулах эрхийг ард түмэнд олгохыг уриалжээ. Ялалт байгуулна гэдэгт Каддафын дэглэмийг эсэргүүцэгчид итгэж байна. Ливийн сөрөг хүчний нэрд гарсан төлөөлөгч доктор Али Тархуни үүнтэй холбогдуулан хэлэхдээ «Ливийн зуун хэсгийн хотууд Каддафын дэглэмээс бүрэн ангижрасан байна. Мусарат, Завия, Надус мужуудад ард олны засаг тогтов. Эдүгээ тэндхийн байдал амгалан тайван байна. Байлдаан нийслэл Триполид л үргэлжилж байна. Хотод хуучин засгийг хамгаалсаар  байна. Гэвч Каддафын дэглэм гарцаагүй унах юм. Хойд Африкийн орнуудын нэлээд олон хөлсний цэрэг Каддафын талд байлдан дайтаж байгаа боловч ливийн нийт ард түмэн өнөөгийн дэглэмийг түлхэн унагахыг эрмэлзэж байна» гэв. Гэвч Ливийн дэглэмийн тэргүүн огцрох гээгүй. Тэрээр хилийн чанад руу зугтсан тухай цуу яриаг няцаав. Каддафи нийслэлд олны өмнө гарч «Би Венесулд биш Триполид байна» гэж өөрийн талынханд мэдэгджээ. Ливийн байдал дэлхийн хамтын нийгэмлэгийг гүнээ түгшүүлж байна. Өнөөдер Каирт Ливийн байдал  Арабын орнуудын холбооны онцгой дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын Аюлгүй  Зөвлөлийн хаалттай зөвлөлдөөний гол сэдэв болох юм.