Оросын Алс Дорнодын тэнгэрийг илүү сайн хамгаалах. С-400 оросын цоо шинэ зенитийн пуужингийн системээр зэвсэглэсэн гуравдахь хороог  Дорнодын цэргийн тойрогт байрлуулахаар шийдвэрлэжээ. Эдүгээ С-400 зенитийн пуужингийн систем бүхий нэг хороог  Москвагаас зүүн чигт 50 км зайтай байрлуулсан байна. Хоёрдохь хороог бүр 3-р сард нийслэлээс хойно Москва орчмын Дмитровод байрлуулахаар төлөвлөжээ. Дэслэгч-генерал Валерий Иванов Алс Дорнодын агаарын ба пуужингийн довтолгооноос хамгаалах системийг шинээр зэвсэглэх тухай  мэдээллээ. Тэрээр Оросын агаар сансрын батлан хамгаалалтын оператив-стратегийн командлалыг тэргүүлж байна. С-400 цогцолбор бол  дайран довтлох биш батлан хамгаалах зэвсэг юм гэж онцлов. Мөн систем манай нутаг дэвсгэрийг дорнод зүгээс баталгаатай хамгаална. ОХУ-ын пуужингийн стратегийн цэргийн Жанжин штабын дарга асан цэргийн шинжээч, чөлөөнд гарсан хурандаа-генерал  Виктор Есин мөн саналыг дэмжиж байна. «С-400 зенитийн пуужингийн системээр зэвсэглэсэн хороог Алс дорнодод байрлуулах нь  ОХУ-ын зэвсэгт хүчний шинээр зэвсэглэх хүрээнд авч буй  төлөвлөгөөт арга хэмжээ юм. С-400 дан ганц батлан хамгаалах зэвсэглэл болохоор мөн үйл явдал Алс Дорнодын бүс нутгийн цэрэг-улс төрийн байдалд огт нөлөөлөхгүй. С-400 систем агаарын төдийгүй пуужингийн довтолгооноос хамгаалах чадвартайг тэмдэглэмээр байна» гэж хурандаа генерал Виктор Есин хэллээ. Ази Номхон далайн бүс нутгийн байдалд бүрэн дүн шинжилгээ хийгээд С-400 системийг байрлуулах шийдвэр гаргасан. Харин чухам хаана байрлуулахыг одоогоор мэдээлээгүй байна. Алс Дорнодод хамгаалах зэвсэглэл нэмж байрлуулах асуудлыг  бүр 2009 онд БНАСАУ-аас пуужин удаа дараа хөөргөснөөс хойш анх удаа тавьсан билээ. Умард Солонгосын пуужин гэнэт чиглэлээсээ хазайж Оросын нутаг дэвсгэр луу нисвэл түүнийг заавал сөнөөх тухай тэр үед оросын цэргийнхэн мэдэгдлээ. Москва  С-400 цоо шинэ цогцолбороо  улс орныхоо алс хол бүс нутагт шилжүүлж мэднэ гэж Жанжин штабын дэд дарга Анатолий Ноговицын Солонгосын хойгийн байдал хурцадсантай холбогдуулан мэдэгдлээ. Японы өнгөлзөж буй Курилын арлуудыг шинээр зэвсэглэх төлөвлөгөөтэй байна гэж энэ онд Оросын удирдлага мэдэгдсэн юм. Ази Номхон далайн бүс нутагт ПДХ системийг байгуулах гэсэн АНУ, Японы төлөвлөгөөний хариуд  С-400 системийг байрлуулж байгаа бололтой. Цэргийн шинжээчдийн тэмдэглэсэнчилэн оросын зохион бүтээгчдийн  боловсруулсан С-400 хосгүй шинж чанартай. Цогцолборыг  нэг зэрэг 300 бай руу онилон чиглүүлж, 36-г нь буудаж болно. Мөн 10 метрээс аваад 27 км  хүртэл өндөрт байгаа байг сөнөөх юм. Түүнээс гадна С-400 цогцолбор  нисэгчгүй ба жолоодлогот аппарат түүнчлэн стратегийн бүс ба баалистик далавчит пуужин зэрэг агаарын хил зөрчигчдийг сөнөөх чадвартай. Мөн систем Оросын дорнод хилийг найдвартай хамгаална. Хурандаа - генерал Виктор Есиний ОДХ радиод мэдээлсэнчилэн хэтдээ С-400 цогцолборыг ОХУ-ын өөр бүс нутагт ч байрлуулж болзошгүй.