Новосибирскийн эрдэмтэд зорчигчдод үзлэг хийж, тэсрэх бодис, сэжигтэй  эд зүйлийг агшин  зуур олж илрүүлэх сканер зохион бүтээжээ. Шинэ төхөөрөмж Новосибирскийн Толмачёво олон улсын нисэх онгоцны буудал, Санкт- Петербургийн Пулковод ажиллаж байгаа бөгөөд олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй байна. Найдвартай ажилладаг энэ багаж хэрэглэхэд  амар,  хамгийн гол нь өртөг нь тэнцүү байсан ч гадаадын мөн адил багажаас илүү ашиг тустай байна. Нисэх онгоцны буудалд олон зорчигч ээлжлэн зогсож  тусгай төхөөрөмжөөр шалгуулдаг. Буудлын ажилтан төмөр эд зүйлээ орхиж, гадуур хувцас, гутлаа тайлж тусгай бүхээгт орохыг зорчигчоос хүсдэг. Одоо өргөн хэрэглэж буй америкийн SafeScout сканер үзлэг ингэж хийдэг.Энэ нь одоо ерийн үзэгдэл боллоо. Өөрөөр байж болохгүй гэж оросын сканерыг зохион бүтээсэн Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Цөмийн физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Семён Бару тайлбарлав. Далайн чанадын төхөөрөмж радиолокатор мэт ажилладаг. Аюулгүй миллиметрийн долгион зузаан хувцас, гутлыг нэвтэрч чадахгүй байна.Иймээс гадуур хувцасаа тайлах хэрэгтэй. Тэгсэн ч сэжигтэй зүйлийг олно гэж хэн ч лавтай хэлж чадахгүй.Харин Новосибирскийн радиографийн шалгах систем үзлэгийг илүү  хурдан тохилог нөхцөлд хийдэг. «Өөрөөр хэлвэл  хүн хувцас, гутлаа тайлах хэрэггүй болж байгаа юм.  Америкийн төхөөрөмж биеийн дотор  байгаа юмыг харж чадахгүй. Энэ нь бас чухал юм уу гэж хэн нэгэн асууж магадгүй. Чухал байна . Юу гэвэл террорын цоо шинэ технологи тэсрэх бодис, электрон  тэсрүүлэгчийг гэдсэндээ нуух хүртэл хөгжсөн. Америкийн төхөөрөмж  ингэж далдласан тэсрэх бодисыг илрүүлэхгүй. Ердийн үзлэг ч илрүүлж чадахгүй» гэж Семён Бару хэллээ. Оросын сканер мансууруулах бодисыг ходоодондоо нуусан этгээдийг ч илрүүлнэ. Рентгений  нэвтрэх цацраг  оросын сканерын давуу тал юм. Цацраг тун ялимгүй байгаа учраас зорчигчийн эрүүл мэндэд зохисгүй нөлөө үзүүлэхгүй. Төхөөрөмжийн аюулгүй чанарыг нарийн шалгасан. «Оросын хэрэглээний бараа шалгах  болон тээврийн аюулгүй байдлыг хариуцсан  байгууллагууд бий. Эдгээр байгууллагаас хоёр сертификат авсан. Энэ системээр жилд 600 удаа үзлэг хийлгэж болохыг сертификат бичиг батласан. Бидний төхөөрөмжийн цацраг таван минутын нислэгийнхтэй тэнцэж байна. Москвагаас Новосибирскад онгоцоор ирсэн хүн 40-50 дахин илүү хэмжээний цацрагд автаж байна» гэж Семён Бару хэллээ. Замын цагдаагийн газар новосибирскийн сканерын давуу талыг зүй ёсоор үнэлэв. «Домогт Калашниковын автомат мэт  найдвартай,  хэрэглэхэд  хялбар» гэж мэргэжилитнүүд үзэж байна. Хятад оросын сканерын технологийг бүр 2006 онд худалдан авчээ. Тэр үеэс хойш ийм төхөөрөмж өөрснөө үйлдвэрлэж, нисэх онгоцны буудлууддаа амжилттай хэрэглэж байна. Мөн түүнчлэн АНУ, Итали, Арабын нэгдсэн Эмирт улс гээд олон орон оросын сканерыг сонирхож байна.