Ангараг гараг руу нислэг хийх туршилтад оролцогчид өчигдөр хамгийн гол ажиллагааг сургуулилж,  Ангараг гараг дээр анх удаа гарав. Тэд нийт гурван удаа гарах ёстой. Оросын ШУА-ийн  Москвагийн анагаах ухаан-биологийн хүрээлэнд хийж буй «Ангараг 500» туршилтын мөн хэсэг Москва орчмын нислэгийг удирдах төв дахь том дэлгэцнээ тусгагдсан хийгээд 200 сэтгүүлч түүнийг ажиглав. Оросын Александр Смолеевский, Италийн Диего Урбина нар «Ангараг гараг дээр бусдаас түрүүн хөл тавьсан хүмүүс» боллоо. Тэд «буух» модулиас улаавтар элс, чулуулаг бүхий  Ангараг гарагийн гадраг дээр гарав. Туршилтад оролцогчид дэлхийнх энд хандан орос, англи хэлээр үг хэллээ. Ангараг гараг дээр гарах явдлыг Юрий Гагарины сансрын анхны нислэгийн 50 жилийн ойд зориулж байна гэж Оросын  төлөөлөгч хэлжээ. Италийн иргэн Ангараг гараг руу жинхэнэ нислэг хийх ирээдүйн анхлан зам тавигчдад амжилт хүсэв. Дараа нь Смолеевский, Урбина хоёр ОХУ, Хятадын далбаанууд болон Европын сансрын агентлагийн тугыг байрлуулав. Хятадын сансрын нисэгч Ванг Юэ «буух» модуль дотор байж, дээрх хоёртой холбоо барьж байлаа. Сүүлд туршилтад оролцогчид гарагийн дээд давхрагын хөрсний сорьц авчээ. Түр завсарлаад соронзон  орныг илрүүлэх багаж хэрэглэн  хөрс, чулууг цуглуулав. Мөн ирээдуйн Сарны хөтөлбөрт хэрэглэх оросын хоёр багажийг хэрэглэжээ. Багийн гишүүд  дүрс бичлэгийн камер, дээж авах багаж, лазерийн төхөөрөмж бүхий «Гулливер» авсаархан хаа сайгүй явагчийг үлдээжээ. Үнэн чанартаа энэ нь хүрээлэн буй орчны тухай мэдээлэл цуглуулах радиогоор жолоодох станц билээ. Хаа сайгүй явагч  туршилтад оролцогчид Ангараг гараг дээр 92 минут байгаад модульд буцсаны дараа ажиллаж эхлэв. Одоо Олон улсын сансрын станцын багийн гишүүдийн өмсөж буй «Орлан» оросын скафандрын шинэчлэсэн хувилбарыг хэрэглэжээ. «Ангараг 500» туршилтад зориулан түүний жинг гурав дахин багасгав. Тэгсэн ч Смолеевский, Урбина нарын өмссөн скафандр тус тус  32 кг жинтэй байсан. Ингээд Ангараг гараг дээр байх туршилтын хэсэг дууслаа. Туршилтад оролцогчид 2-р сарын 18,22-нд  гараг дээр бас хоёр удаа гарна. 2 дахь удаагаа гарах үед италийн иргэнийг хятадын сансрын нисэгч орлоно. Даалгаварыг улам хүнд түвэгтэй болгоно гэж Анагаах ухаан, биологийн хүрээлэнгийн захирал Игорь Ушаков хэлээд  «Солирын бороо, тоосон шуурга гэгчийг дууриалган хийж туршилтад оролцогчдыг ийм нөхцөлд ажиллуулна. Гарагийн гадрагаас яаралтай явах, нисч буух цогцолборт шилжих, бэртсэн багийн гишүүнд эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг арга ажиллагааг  сургуулилах юм. Эд бүхнийг дууриалгаж хийнэ» гэв. 2-р сарын 23-нд «буух» модуль оросын хоёр, францын нэг хүнтэй Ангараг гарагийг тойрон ниссэр байгаа «тойрог замын» модуль руу зорьно. Тэдгээрийг залгаснаас хойш гурван өдөр өнгөрсний дараа багийн гишүүд  ер бусын маш олон тохиолдол бүхий аюултай 240 хоногийн буцах нислэгийг сургуулилах юм. «Ангараг-500» туршилтыг  2030-2040 онуудад Ангараг гараг руу хийх жинхэнэ нислэгийн бэлтгэлийн нэг хэсэг хэмээн нэрлэжээ. Жинхэнэ нислэг маш их хэмжээний зардалтай.  Түүнд бараг 1 триллион доллар зарцуулна. Мэргэжилтнүүд цацралаас найдвартай хамгаалах арга замыг олтол хэн ч алсын сансрын аялал хийхгүй.