Оросод удахгүй жинхэнэ алтны хумхаа эхэлж магадгүй. Хууль тогтоогчид «Газар доорхи баялагийн» тухай хуулинд Оросын иргэдэд алт олборлох эрхийг олгосон  өөрчлөлт  боловсруулж байна. Бизнес эрхэлж байгаа хувь хүн аж үйлдвэрийн ач холбогдолгүй болсон орд газарт  алт олборлохын тулд газар доорхи баялагийг ашиглаж болох тухай хуулийн өөрчлөлтийг эхний хэлэлцүүлгээр Төрийн дум дэмжлээ. Бизнес эрхэлж байгаа хувь хүнээс гадна жуулчлалын байгууллагуудын төлөөлөгчид ч хууль тогтоомжийн шинэ санаачлагыг сонирхож эхэллээ. Тэдний саналаар, алт олборлох аялал жуулчлал нь боловсруулж дууссан орд газрыг ашиглах хамгийн хэтийн төлөвтэй арга мөн. Хүссэн хүнийг багаж хэрэгслээр хангахаас гадна тэдэнд олборлосон бүх алтыг өгөх болно. Эдийн засагчдын тооцоогоор бол тийм жуулчлалын үнэ олборлосон алтны үнээс их болох юм. Харин жуулчид цэвэр байгалд сайхан сэтгэгдэлтэй болж, алт олборлох романтик ажлыг мэдрэх болно гэж Холбооны зөвлөлийн байгалийн нөөц хүчний хорооны дарга Виктор Орлов үзэж байна. «Тус хуулийн төслийг боловсруулахдаа би алт олборлогчдын жуулчлалыг хөгжүүлэхийг бодож байлаа. Амралтын тийм хэлбэр ялангуяа залуучуудын дотор маш их дэлгэрэх болно гэж найдаж байна. Тэд олон зуун жилийн өмнө Орос орны хол хэцүү бөгөөд сайхан нутагт эрдэнэс олборлож байсан жинхэнэ алт олборлогчийн амьдралтай танилцах юм» гэж Виктор Орлов хэллээ.  «Алтны» жуулчлал АНУ, Австрал, Швецари, Итали, Шинэ Зеланд зэрэг олон оронд идэвхтэй хөгжиж байна. Тэнд хүссэн хүн бүр багаж хэрэгсэл түрээслэн, алт олборлогч яаж ажиллаж байсныг үзэж болно. Жуулчид тийм боломж олохын тулд асар их мөнгө төлж байна. Жишээ нь, Австралид алт олборлогчийн аялал 15 мянган долларын үнэтэй бөгөөд олсон бүх алтыг нь татваргүйгээр гаргаж байгаа юм. Тооцоолсноос үзвэл, алт олборлогч бүр дунджаар нэг грамм алт авч гарч байна. Тийм жуулчлал нь  ирээдүйгүй хамгийн муу орд газрыг үр ашигтай болгож төсөвт мөнгө оруулж, орон нутгийн хүмүүст үйлчилгээний ажил олгож, зочид буудал барьж, зам тавихыг урамшуулж байна.  Алтны нөөцөөр дэлхийд 3 дугаар байр эзэлж байгаа Орос оронд «алтны жуулчлал» зохион байгуулах олон газар бий гэд Виктор Орлов ярьж байна. «Энэ бол нийт Алс Дорнод, Урал, Магаданы муж, Чукотк, Якут, Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Байгал нуурын чанадах хязгаар, Амурын муж зэрэг юм.  Нэг үгээр хэлэхэд үүнд Орос улсад аль эртнээс үнэт металл олборлож байсан бүх нутаг орж байна. Тэнд 5-аас 20 грамм алт олборлох бодит боломж бий. Алт олсон хүн бүр эхнэртээ юм уу найз бүсгүйдээ зориулж олсон алтаар дурсгалын бэлэг захиалах юм уу өөрөө хийж болох тийм дархны газрыг ч зохион байгуулахаар төлөвлөж байна» . Жуулчлалын овсгоотой пүүсүүд Дундад Уралд «Оросын Клондайкыг» нэгэнтээ зохион байгуулаад байна. Екатеринбургын ойролцоо тусгай багаж хэрэгслээр үнэт металл олборлох аттракцион нээгдээд байна. Одоохондоо алт олборлогчид  тусгай бэлтгэсэн сорьцын тэмдэгтэй алт л олоод байна. Зохион байгуулагчид сорьцын тэмдэгтэй цул алт урьдчилж тараагаад байгаа  юм. Алт олборлох шинэ улирал эхлэхэд л бүх дэлхийн адал явдалд дуртай хүмүүс орос улсын алтны жинхэнэ орд газарт ирэх боломжтой болно гэж шинэ хуулийг боловсруулж байгаа хуульчид үзэж байна.