Нийгэмд зохих байр суриа  эзлэхийн төлөө тэмцэж буй мэдлэг боловсролтой залуучууд  Хойд Африк, Ойрхи Дорнодын арабын орнуудыг хамрасан хөдөлгөөны гол хүч болсон гэж сүүлийн үед энэ өргөн уужим бүс нутагт болсон үйл явдлуудад дүн шинжилгээ хийсэн шинжээчдийн олонхи нь  үзэж байна. Тунисын ард олны тэмцэл хөдөлгөөн өнгөцхөн харахад тайван тогтвортой хөрш орнуудын  байдлыг донсолгох нэг ёсны хурдасгагч болсон.Бүс нутгийн аядуу бодолгот хүчний тэргүүлэгч хэмээн уламжлал ёсоор үзэж ирсэн арабын томоохон улс - Египет  анхаарлын төвд байна. Харин шинжээчид Египетийг  «гаднаа гяланцаг, дотроо паланцаг»  хэмээн аль хэдийнэ тодорхойлсон билээ. Ойрхи Дорнодын шигүү хүн ам, хүчтэй арми, нэлээд хөгжсөн аж үйлдвэртэй улсын нийт хүн амын бараг тэн хагас нь амь зуух хэрэгсэлгүй байна. Тансаг амьдарч буй цөөнх, ядуу зудуу дийлэнх олонхийн хоорондын эрс ялгаа, оновчтой бус удирдлага, амьдралын бүх салбарт  нэвтрэсэн авилгал орчин цагийн Египет улсын байдлыг тодорхойлж байна. Чухамхуу залуучууд аль  хэдийнэ тулгарсан асуудлыг эрх баригчдад тавьсан. Эдүгээ Алжир, Йемен бүр сайн сайхан  амьдралтай Иордани, Бахрейний   удирдлагад мөн адил асуудлыг тавьж байна.Иранд ч сөргө хүчин идэвхжлээ.Мэдээллийн технологийн хөгжил зэрэг орчин цагийн соёл иргэншлийн хүчин зүйл залуучуудад ихээхэн нөлөө үзүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Чухам Интернетийн нийгмийн сүлжээ сэхээтнүүдийн залуу төлөөлөгчид нэгдэж, шаардлагаа томьёолоход тусалсанд оросын дорно дахиныг судлагч Георгий Мирский анхаарлыг хандуулаад «Залуу сэхээтнүүдийн манлайлсан хүмүүсийн чин зориг, хатуу чанга байр суурийг онцломоор байна. Тэд Тунист юу болж байгааг хараад Интернетийн тусламжтайгаар ард олныг хөдөлгөв. Интренетгүйгээр юу  ч болохгүй байсан» гэв. Үүний хамт шинжээч өрнөдийн үнэ цэнэт зүйлийн арабын залуучуудад үзүүлэх нөлөөг хэтрүүлэхгүй  байна. Тэрээр хэлэхдээ «Европ ба өрнөдөөс залуу сэхээтнүүдэд үзүүлсэн нөлөөний тухайд гэвэл  хүмүүс эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг хүндэтгэхийг шаардсанд нөлөөлөв. Тэд дур зоргын ажиллагаа болон засгийн газар ард олноосоо холдсонд дургүйцэж байгаагаа илэрхийлэв. Гэвч энэ нь залуучууд  өөрийн уламжлал, үнэ цэнэт зүйл, соёлоо гаргуунд нь орхиж, европынхтой адил болохыг хүссэн гэсэн үг огт биш» гэв.  «1-р сарын 25» залуучуудын хөдөлгөөн Египет улсад байгуулагдав. Тус хөдөлгөөний гишүүд улс орныхоо зэвсэгт хүчний Дээд зөвлөлд өөрсдийн шаардлагаа тавьжээ. Хамгийн гол нь  иргэний засаглалд шилжих тов тодорхой цаг хуваарь тогтоохыг шаардав. Залуучууд гудамжуудаас гарч явж байна.. Одоогоор байдал  ийм байна.Цаашид яахыг  шинжээчид таамаглаж чадахгүй байна. Урьдын эрх баригчид огцросон ч асуудлууд шийдвэрлэгдээгүй хэвээр байна. Өөр хэд хэдэн улсын байдал ч египетийнхтэй төстэй байна.