Орос улсад 2 дугаар сарын 15-аас гадаадын өндөр мэргэжилтэй мэргэжилтэн  ажиллах зөвшөөрлийг олгох талаархи эрх зүйн журмыг хялбаршуулсан байна. Оросын хууль тогтоомжид «Гадаадын өндөр мэргэжилтэй мэргэжилтэн» гэсэн ойлголт анх удаа өнгөрсөн онд бий болжээ. Тэдэнд зориулж хөнгөлөлт үзүүлэх журам тогтоож, тухайлбал, ажилд орох, хил зорчих, оршин суух журмыг хялбаршуулсан гэж Орос улсын Холбооны миграцийн албаны орлогч дарга Екатерина Егорова хэлжээ.Тэр тэмдэглэхдээ: «Өнөөг  хүртэл бид «мэргэжилтэй мэргэжилтэн» гэсэн нэр томъёог л хэрэглэж байлаа. Одоо өндөр цалинтай өндөр мэргэжилтэй мэргэжилтнүүдийг онцгой группт оруулаад байгаа. Хуучин хууль тогтоомжийн дагуу тэдний цалингийн доод түвшинг жилд 2 сая рублийн хэмжээнд тогтоосон байлаа. Гэвч энэ нь Орос улсад ажиллахыг хүссэн хүний тоог, ялангуяа залуу ирээдүйтэй тийм эрдэмтдийн тоог мэдэгдэхүйц хэмжээгээр хязгаарлаж байлаа. Тэдний олонхи нь хөдөлмөрийн  өндөр хөлсийг эхнээсээ авч чадахгүй нь мэдээж» гэлээ. 2 дугаар сарын 15-аас энэ түвшин Орос улсын их дээд сургууль, шинжлэх ухаан, судалгааны төвүүдэд урилгаар ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтнууд, багш нарын хувьд 1 сая рубль болсон байна. Москва орчмын «Сколково» хэмээх инновацын төсөлд оролцогчдын хувьд гэвэл цалин хөлсийн хэмжээ гэсэн шаардлага огт үгүй болжээ. Екатерина Егорова яриагаа үргэлжлүүлэхдээ, өндөр мэргэжилтэй мэргэжилтэн шууд гурван жилийн виз авах эрхтэй. Үүний өмнө визийг эхлээд 3 сараар олгож, дараа нь түүнийг 1 жил болгон сунгаж байлаа. Тийм ажилтан болон түүний гэр бүлийнхэн хөдөлмөрийн гэрээний хугацаанд  оршин суух зөвшөөрлийг авах эрхтэй. Бас нэг сайн тал гэвэл ашигын  татварын хэмжээг гадаадын ажилтнуудын төлж байгаа 30 хувиас Орос улсын игэдийн адил 13 хувь болгосон байна. Хууль тогтоомжид оруулсан засвар хүчин төгөлдөр болоод гадаадын мэргэжилтнүүдийн статусыг бататгах нь дамжиггүй гэж Екатерина Егорова үзэж байна. «Мэргэжилтэн нэг ажил олгогчоос нөгөөд нь шилжихдээ Орос орноос гарахгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байна. Миграцийн бүртгэлд бүртгүүлэх хугацааг 3 сар хүртэл сунгалаа. Гадаадын мэргэжилтний гэр бүлийн гишүүдийн хүрээг өргөтгөж, өвөө, эмээ нарыг ч оруулсан байна» гэж Екатерина Егорова хэллээ. Орос улсад гадаадын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулахтай холбогдсон журмыг хялбаршуулахад чиглэсэн тогтвортой үйл явц явагдаж байна. Одоо Герман, Их Британ, АНУ, Франц зэрэг орноос 3,5 мянга орчим хүн Орос улсад ажиллаж байна. Ойрын ирээдүйд энэ тоо нэмэгдэх нь дамжиггүй. Тийм арга хэмжээ авахгүйгээр Орос улсын эдийн засгийг шинэчлэх асуудлыг шийдэж болохгүй.