Дэлхийд мэдэгдээд буй хүнсний бүтээгдэхүүний хямрал төсөөлж байснаас улам хатуу ширүүн болж магадгүй. Үүнийг харуулсан анхны түгшүүртэй шинж тэмдэг илрээд байна. Дэлхийд зөгийн тоо аажмаар хорогдож байгааг нотолсон илтгэлийг Рабобанк  хөдөө аж ахуйн банкны шинжээчид гаргалаа. Зөгий устсаар бүрмөсөн үгүй болох юм бол 4 жилийн дараа хүн төрлөхтөн ч мөхөх болно гэсэн Альберт Эйнштейны сануулгыг эрдэмтэд иш татаж байна.  Зөгийд аюул учирч байгааг бүр 2006 онд ярьж эхэлсэн билээ. Хэвийн байдалд хүйтэн улиралын үеэр зөгийн сүрэг гишүүдийнхээ 10 хувийг алддаг юм. Гэнэт энэ гарз маш ихээр өссөн байна. Жишээ нь, АНУ-д энэ нь 30–35 хувь болоод байна.  Мэргэжилтнүүд сэтгэл түгшин архивыг судалж үзэхэд сүүлийн 40 жилд дэлхийн зөгийн сүргийн тоо хоёр дахин хорогдсон бөгөөд нэг га тайлбайд зөгийн оногдох тоо 90 хувиар багассныг тогтоожээ. Европд бол жил бүр зөгийн сүргийн тавны нэг хэсэг алга болж, ийм хандлага Латин Америк, Азид ч мэдэгдэж байна. Зөгий хорогдож байгаа нь зөгийн бал, прополис, зөгийн хор зэрэг зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнийг үгүй болгохоос гадна хөдөлмөрч чанарын бэлгэ тэмдэг болсон энэ шавьж жил бүр дэлхийн хүнсний бүтээгдэхүүний мэдэгдэхүйц хэсгийг хангаж байгаа ХАА-н ургамлын 90 хувьд үр тогтоож байгаа явдалд ч хор учруулах болно. Энэ тухай «Оросын дуу хоолой» радиостанцид Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээний институтын орлогч дарга Вячеслав Лебедев ярьжээ. Тэр хэлэхдээ: «Бал тээгч энэ жижиг шавьж хүн төрөлхтний нийт хүнсний бүтээгдэхүүний гуравны нэгийг хангаж байгааг дэлхийн шинжлэх ухаан нотолсон юм. Тийм учраас бал тээдэг зөгийн тоо хорогдох юм бол чухам хүнсний бүтээгдэхүүнд хохирол учрах юм. Тийм учраас Европарламент зөгийн сүрэг устаж байгаагийн гол шалтгааныг олж тайлбарлахад чиглэгдсэн судалгааг санхүүгийн талаас дэмжихээр тусгай шийдвэр гаргасан юм. Одоо энэ асуудлыг судалж буй судлаачид мэдээлэлээ нэгтгээд солилцож байна. Ажлын олон таамаг гараад байна, гэвч одоохондоо энэ бол зөвхөн таамаг төдий» гэжээ. Зөгий бол үр тогтоох ажлын жинхэнэ аваргууд юм. Тэд цэцгийн шүүс, үр түүхдээ асар их хэмжээний талбайн дээгүүр нисдэг юм. Тэд жүрж, алим, кофе, какао болон ихэнх төрлийн ногооны үр тогтоож байна. Үр тогтоогч шавьжгүйгээр самар, амтат гуа, жимс ургахгүй. Эдгээр хүнсний ургамал хүний хэрэглэдэг калорийн 35 хувь, минерал, витамин, антиоксидантын ихэнх хэсгийг хангадаг юм.Зөгийн алуурчыг олоход хүн төрөлхтөнд урт удаан хугацаа байхгүй гэж эрдэмтэд үзэж байна. Одоогийн байдлаар зөгийд хор учруулж буй сэжигтэй явдлын нэрсийн жагсаалт хэтэрхий урт байна. Үүнд пестицид, ДОХ, хачиг, мөөгөнцөр, антибиотик зэрэг зүйлс орж байна. Гар утасны сүлжээ дэлхийн ихэнхи хэсгийг хамарсан цахилгаан соронзон цацраг гол аюул учруулж байна гэж зарим мэргэжилтнүүд  үзэж байна. Энэ цацраг зөгийд, тэр тусмаа хүнд ямар нөлөө үзүүлж байгааг одоохондоо тогтоож чадаагүй байгаа юм. Тэр аюул таригчыг  хүн л бий болгосон талаар мэргэжилтнүүд санаа нийлж байна. Хүний буруутай үйл ажиллагааны нэг юм уу хэд хэдэн салбар зөгийг устгаж байна. Зөгий бол дэлхий ертөнцөд хамгийн эртний шавьжны нэг гэдгийг  дашрамд хэлье.