Египет улс хямралд ахин нэрвэгдэв. Сөрөг хүчний шаардлагыг биелүүлсэн боловч жагсаал үргэлжлэсээр байна. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын бие тааруу муу байна. Мубаракын талынхан үнэн чанартаа засгийн эрхийг гартаа авсан цэргийнхэнд шаардлага тулгаж мэднэ. Египетийн Үндсэн хуулийн үйл ажиллагааг түр зогсоон, Парламентыг тараажээ. Батлан хамгаалахын сайд Мухаммед Хусейн Тантауи тэргүүтэй армийн командлал ямар ч хууль батлах эрх өөрсөддөө ноогдуулсан байна. Засгийн газар маань цэргийнхний засгийн гүйцэтгэгч болсон гэж ерөнхий сайд Ахмад Шафик анхны хэвлэлийн бага хурал дээрээ хүлээн зөвшөөрөв. Харин цэргийнхэн улс оронд нь өрнөсөн ард олны тэмцэл хөдөлгөөнийг намжааж чадахгүй байна. Каирт буудлагын дуу чимээ ахин сонсогдсоор байна. Өчигдөр арми цуглаанд оролцогчдыг Каирын төв Тахрир талбайгаас хүчээр шахаж гаргав. Ажил хаялт нийслэлд зарлажээ. Бүгд цалинг нэмэгдүүлж, ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх гол шаардлага тавьсан байна. Товчхон хэлэхэд ерөнхийлөгч огцорсноос хойш Египетийн байдал хэвийн болсонгүй. Тэр ч байтугай эмх замбараагүй байдал шинэ шинэ хэлбэрээр илэрч байна. Тухайлбал хүмүүс  бүр уламжлалт мөргөл үйлдэх үеэр египетийн бэл бэнчинтэй иргэдийн орон сууцыг галдан шатааж, тонон дээрэмдэж байна. Ингээд армид шинэ сорилт тулгарлаа. ДХЯ-ны байшингийн өмнө иргэний эрхээ хамгаалахын тулд жагсаал хийсэн олон зуун иргэдийг цагдаа цэргийнхэн  эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжлэж  буй 20 өдөрт анх удаа агаарт  хий буудаж намжаав. Египетийн хөрш орнууд шинэ өөрчлөлт гарах вий гэж сэтгэл түгшиж байна. Египетэд болж байгаа үйл явдал одоогоор манай улсад аюул учруулаагүй байна гэж Израилийн БХ-ын сайд Эхуд Барак үзэж байна. Үүний хамт тэрээр сонгууль яаралгүй явуулах зөвлөмж египетийн цэргийнхэнд өгчээ. Яаралтай хийвэл лалын радикал үзэлтнүүд засгийн эрхэнд гарч мэднэ гэж Эхуд Барак  үзэж байна. Тэгвэл нь бүх бүс  нутаг сүйдэх хэрэг болно гэж тэрээр мэдэгдэв. Ямар байсан ч Египет Израилийн хоорондын харилцаа Мубаракын дэглэмийн үеийнхээс эрс өөр болно гэж Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Ахмедов үзэж байна. Тэрээр хэлэхдээ:« Хоёр талын харилцаа өөрчлөгдөнө. Египетийн цэргийнхний хувьд  Газын зурвасыг бүслэх буюу палестинчуудтай  хийх яриа хэлцээний талаархи Израилийн өнөөгийн удирдлагын чиг бодлогыг бүрэн дэмжихэд хэцүү юм. Египетийн үйл явдал арабын бусад орны байдлыг өөрчлөхөд бас нөлөөлөх юм. Мэдээжээр энэ нь Израилиэс ихээхэн шалтгаалж байна. Тус улс дашрамд хэлэхэд Хосни Мубаракын дэглэмд тулгуурлсан  Ойрхи Дорнодын талаархи бодлогоо одоо үргэлжлүүлж чадахгүй байх. Израиль арабуудтай хийх энх тайваны хэлэлцээг урагш ахиулахын тулд ямар найр тавьж чадахаа эргэцүүлэн бодвол зохино» гэв. Орос улс Ойрхи Дорнодын байдал тогтворгүй байсан ч арабын орнууд, Израилийг эвлэрүүлэхийн  төлөө байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхлэсэн  онц бүрэн эрхт төлөөлөгч Александр Салтанов  мэдэгдлээ. Тэрээр Египет, Сири, Иордани, Саудын Аравид аялаж, Дмитрий Медведевийн илгээлт бичгийг эдгээр арабын орнуудын төрийн тэргүүн нарт дамжуулж  өгөв. Орос улс Израиль болон араб дахинтай оновчтой яриа хэлцээ хийж байгаа болохоор бүс нутагт ноцтой донсолгоогүйгээр тогтвортой байдлыг ханган өөрчлөлт гаргахад тус дөхөм үзүүлж чадахыг дипломат ажилтан дурдав.