Орос, Японы хэлэлцээ энэ долоо хоногийн гол сэдвийн нэг байлаа. Москвад Японы ГЯЯ-ны тэргүүн сайд Сэйдзи Маэхараг хүлээн авчээ. Тэрээр Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров болон Үйлдвэр, худалдааны сайд Виктор Христенко нартай уулзав. Орос улс үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсан боловч бүрэн хэмжээний хэлэлцээ хийж чадаагүй гэж шинжээчид тэмдэглэж байна. Японы үндсэрхэг үзэлтнүүдийн танхай балмад үйл ажиллагаа болон дээд удирдлагынх нь өдөөн хатгасан өнгө аястай мэдэгдлийн төлөө уучлал хүсэхгүй юмаа гэхэд ямар нэгэн тайлбар хийх болно гэж японы сайдаас хүлээж байлаа. Хойт нутаг дэвсгэрийн өдөр гэгч 2-р сарын 7-д ерөнхий сайд Наото Кан ОХУ-ын ерөнхийлөгчийн Курил арлуудад очсон явдлыг «гаргаж болохгүй хэрцгий явдал» хэмээн нэрлэж, хэт барууны хөдөлгөөний идвэхтнүүд Орос улсын төрийн далбааг Оросын элчин сайдын яамны дэргэд урж басамжилсныг сануулъя. Сергей Лавров “Японд Хойт нутаг дэвсгэрийн өдөр гэгчийг явуулахад гарсан зохисгүй үйл ажиллагаа, мэдээж манай харилцааны уур амьсгалыг муутгаж, үр бүтээлтэй хөгжихөд нь саад учруулж байгаа юм. Японд Орос улстай энх тайвны гэрээ байгуулах талаар радикал хандлага давамгайлж, энэ хандлагыг тус орны дээд хэмжээний удирдагчид хуваалцаж байгаа нөхцөлд энэ сэдвээр ямар нэгэн яриа хэлцээ явуулах нь ирээдүйгүй явдал болно” гэлээ. Орос улс нутаг дэвсгэрийн асуудлаар цаашид ч байр сууриа хамгаалах болно гэж Сергей Лавров нотлов. Одоо харилцан буулт хийж үр дүнд хүрэх нь хэцүү боловч яриа хэлцээг үргэлжлүүлэхээс татгалзаагүй юм. Сергей Лавров тус арлууд аль улсад хамаарагдах тухай асуудлыг зохицуулахын тулд нэрт түүхчид, олон улсын эрх зүйн асуудлын мэргэжилтнүүдийг оролцуулсан хоёр талын комисс байгуулахыг санал болгожээ. Гэвч Японы ГХ-ийн сайд Сэйдзи Маэхара энэ саналаас шууд татгалзав. Түүний байр суурь маш сул байгаа учир тэгсэн юм гэж ОШУА-ийн Алс Дорнодын институтын Японы судалалын төвийн удирдагч Виктор Павлятенко үзэж байна. Тэрээр «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа Өмнөд Сахалин, Курилын арлууд дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулсан олон улсын гэрээнүүдийн дагуу Орос улсын хяналтад орсныг сануулжээ. В. Павлятенко «Худал үгийг зуун удаа давтвал, тэр нь үнэн болж хувирна гэдэг зүйр үг Японд бий. Чухам яг тийм байдал гараад байна. Худал үг япончуудын хувьд хаяж болохгүй үнэн болоод байна. Япон улс дайнд ялагдаж, бүрэн бууж өгсөний тухай баримт бичигт гарын үсгээ зурж, Потсдамын тунхаглал болон холбоонд орсон улсуудын заасан бүх заалтыг хүлээн зөвшөөрсөн билээ. Харин холбоонд орсон улсууд Курилын арлуудаас татгалзахыг Сан-Францискогийн гэрээнд заасан байлаа» гэлээ. Гэтэл Япон улс Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлуудыг эзэмших Москвагийн II дайны дараах эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1956 онд хоёр талаас энх тайвны гэрээнд гарын үсэг зурахад хагас алхам хийх л үлдээд байсан. Москва Хабомаи, Шикотан хоёр арлыг өгөхөд бэлэн байлаа. Гэвч хамгийн сүүлд Токиогийнхон энх тайван тогтоохоос татгалзаж маргаантай 4 арлыг бүгдийг авахаар зүтгэжээ.Үүний зэрэгцээ эдийн засгийн салбарт хоёр орны хамтын ажиллагаа нэлээд амжилттай хөгжиж байна. Ойрын үед японы парламент атомын эрчим хүчийг энх тайны зорилгоор ашиглах тухай хэлэлцээрийг батлах бөгөөд хоёр орны хууль эрхийн байгууллагууд мансууруулагч бодис тээх замыг хаах, хулгайн анчидтай тэмцэх талаар хамтран ажиллаж, японы компаниуд Орос улсын шинэ инновацын төсөлд оролцож байна. Орос улс хөрөнгө оруулахад таатай нөхцөл бүрдүүлэхэд бэлэн байна.