Дайн ч биш, энх тайван ч биш... Солонгосын хойгийн Хойт болон Өмнөд хэсгийн хоорондын харилцаанд тогтсон энэ байдал ойрын хагас жилд хадгалагдах болно гэж солонгосыг судалдаг Орос улсын гол гол төвийн шинжээчид «Оросын дуу хоолой» радиостанцид ярилцлага өгөхдөө хэлжээ. Өнгөрсөн оны 11-р сарын сүүлээр Пхеньян, Сеул хоёр их бууны цохилт харилцан хийсний дараа анхны уулзалт хийж тэр нь бүтэлгүй болж өнгөрчээ. Зэвсэглэлгүй бүс нутагт 2-р сарын эхэнд цэргийн албан хаагчдын хооронд хийсэн хэлэлцээ бас үр дүнд хүрч чадаагүй. Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг олон улсын харилцааны институтын Орчин цагийн Солонгосыг судлах төвийн захирал Георгий Толорайны үзэж байгаагаар, тийм төгсгөлийг урьдчилж төсөөлж болох байлаа. Хойт Солонгос Өмнөд Солонгосоос «Чхонан» усан онгоцыг живүүлсний төлөө уучлал гуйж, Енпхендо арлын эргэн тойрон гарсан явдлын төлөө хариуцлага хүлээхийг шаарджээ. «Энэ нь хэлэлцээг таслахаас өөр юунд ч хүргэж чадахгүй гэдэг нь ойлгомжтой байлаа. Гэвч Сеулынхан байдлыг дахин эргэцүүлэн бодож, урьдчилсан нөхцөл гаргахгүйгээр хэлэлцээг цаашид ч хийх шаардлагатай гэсэн санаанд буцах болно гэж би найдаж байна. Мөргөлдөөнд хүргэж болзошгүй хоёр талын сөргөлдөнөөс яриа хэлэлцээ илүү сайн шүү дээ. АНУ-ын шахалтаар өмнөд солонгосчууд байр сууриа зөөлрүүлэх болно гэдэгт найдаж байна. Хойт солонгосчууд Хятад улсын уриалгаар бас уян хатан байр суурийг гаргаж чадна» гэлээ. Хоёр Солонгосын хооронд яриа хэлэлцээг сэргээх нь цаг үеийн асуудал юм. Хоёр тал ямар нэгэн хэлцээнд хүрэх хэрэгтэй гэсэн санааг сэргээх хүртэл хичнээн цаг үеийн шаардагдах тухай Алс Дорнодын институтын шинжээч Константин Асмолов ярьжээ: «Тус хойг дахь түгшүүртэй байдал бас нэг жил үргэлжлэх болно. Байдал тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байна. Хавар Өмнөд Солонгост парламентын сонгууль болно. Ерөнхийлөгч Ли Мэн Бак эрх баригч намынхаа дэмжлэгийг хангаж чадахгүй юм бол парламентын олонхигүйгээр тэр «доголон нугас» гэгч л болж үлдэнэ. Тийм учраас цэргийн уриаг гаргадаг этгээдүүд түрэмгий дайнч зангаа барих хэрэгтэй болоод байна» гэлээ. Солонгосын хойгт сөргөлдөөнт байдлыг үргэлжлүүлж, улмаар хурацтгахыг сонирхогч бүлэглэл БНАСАУ-ын дээд удирдлагад ч бий. Энэ бол Пхеньянынхантай хатуу ярихын төлөө Сеулын харцагуудад нэмэлт шалтаг болж байна. Оросын ШУА-ийн Дорно дахины институтын Солонгосын хэлтсийн удирдагч Александр Воронцовын үзэж байгаагаар бол Солонгосын хойгийн байдал дайны чиглэлээр  хөгжихгүй. «Солонгосын Хойт болон Өмнөд хэсгийн хоорондын улс төр, дипломат харилцаанд зөвхөн хүйтэн завсарлага гарах болно гэж би бодож байна.  Анхны уулзалт үр дүнд хүрч чадаагүй ч дипломатын үйл явц нэгэнт эхлээд байна. Цэргийн сөргөлдөөн ойрын ирээдүйд гарахгүй. Өөр бусад шугамаар уулзалтыг сэргээх оролдлого хийх төлөвтэй байна. Одоо чухам Хойт Солонгос улс дипломат идэвхтэй ажиллагааг гаргах санаачлагч нь болоод байна» гэлээ. Орос, Хятад хоёр улс Солонгосын хойг дахь байдлыг зохицуулах талаар АНУ, Япон, Өмнөд Солонгостой идэвхтэй зөвлөлгөөн хийж байна. Өнөө үед тус асуудал солонгос хоорондын харилцааны өвөрмөц байдлаас л шалтгаална. Хоёр тал яриа хэлцээний ширээнд суухад бэлэн болохыг дэлхийн олон нийт хүлээхээс өөр аргагүй. Хэлэлцээний үүд онгорхой юм уу хагас онгорхой үлдээд байна гэж Александр Воронцов хэллээ.