100 долларын шинэ дэвсгэрт гараад байна. Ойрын өдрүүдэд шинэ дэвсгэртүүдийг дэлхийн зээллэгийн байгууллагуудад нийлүүлэх болно. Эдгээр  дэвсгэрт хуурамчаар үйлдэхийн аргагүй гэж Холбооны нөөцийн системын мэргэжилтнүүд амлаж байна. Гэвч экспертууд энэ үгэнд итгэхгүй байна. Шинэ дэвсгэртийг хэвлэх ажил хэтэрхий үнэтэй болж байгаа бөгөөд Холбооны нөөцийн системынхан илүү хурц тулгамдсан асуудлыг шийдвэрлэвэл дээр гэж тэд үзэж байна. Шинэ дэвсгэрт дизайны хувьд ногоон өнгөтэй байснаа цайвар цэнхэр өнгөтэй болоод, бэхийн саванд тавьсан хонхны гурван хэмжүүрт голограммын дүрстэй хөх зурвас шинээр бий болсон бөгөөд нүүрэн талын баруун дээд өнцөгт байгаа 100-гийн тоо ягаан байснаа ногоон өнгөтэй болсон байна. Хамгаалалтын бас нэг утас, шинэ далд хээ нэмэгдлээ. Ганцхан Бэнжамин Франклины хөрөг хэвээр үлдсэн. Хуурамч мөнгө хийдэг улсуудад саад бэрхшээл учруулахын тулд шинэлэг бүх л зүйлсийг хийсэн гэж Холбооны нөөцийн системын мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Эхний үед хуурамч мөнгөний тоо хорогдож болох юм, гэвч гэмт хэрэгтнүүд хуурамч дэвсгэртийг хийх үйлдвэрлэлээ боловсронгуй болгож чадна гэж Орос улсын банкны холбооны ерөнхийлөгч Гарегин Тосунян үзэж байна. Тийм учраас тэд удахгүй шинэ хуурамч дэвсгэртийг хийж сурна гэж тэрээр «Оросын дуу хоолой» радиостанцид хэллээ. «Хуурамчаар хийгдээгүй тийм нэг ч улсын мөнгөн дэвсгэрт байхгүй. Ялгаа нь хийхдээ төвөг ихтэй байна уу үгүй юу гэдэгт л оршино. Өөрөөр хэлбэл, шинэ дэвсгэрт хэр зэрэг сайн хамгаалалттай болох вэ? Америкийнхан мөнгөний хуурамч дэвсгэртийн үйлдвэрлэлийг аль болох багасгахыг хүсч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ гэмт хэрэгтнүүд хийдгээ хийнэ. 100 долларын шинэ дэвсгэрт гарахад л түүнийг шууд хуурамчаар хийж эхлэх нь эргэлзээгүй. Үүнээс бид ангижирч чадахгүй» гэж Гарегин Тосунян хэллээ.Санал асуулгын дүнгээс үзвэл, америкчуудын өөрсдийнх нь ховорхон хэрэглэдэг 100 долларын дэвсгэртийн үйлдвэрлэл хамгийн үнэтэй нь болох юм. Шинэ дизайны нэг дэвсгэртийг хэвлэхэд 14 цент зарцуулна. Энэ бол өөр мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхээс хоёр дахин их юм. Бас мөнгөний шинэ дэвсгэрт гаргахаас хоёр сарын өмнө нэг сонин явдал боллоо. Тэр үед хэвлээд байсан тэрбум ширхэгийн гуравны нэг нь гологдолтой  гарлаа. Албан ёсны бус мэдээгээр бол 30 сая гаруй долларын хохирол учирчээ. Шинэ дизайн боловсруулах, шинэ дэвсгэрт үйлдвэрлэх, хуучин дэвсгэрт устгахад нийт олон зуун сая доллар шаардагдана. Зардал маш өндөр байгаагийн үр дүнд гарсан АНУ-ын төсвийн дутагдал, улсын өр байсаар байхад үүнийг хийж байна гэж Улсын думын эдийн засгийн бодлого, бизнесын хорооны дарга Евгений Федоров хэлж байна. «Нэг орны сонирхолыг хэрэгжүүлэхийн тулд бид бүгд мөнгө төлөх болно гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Энэ бол буруу, тэгш бус юм. Ийм явдал хямралд хүргэсэн гол шалтгааны нэг болсон юм. Гэвч үүгээр асуудлыг шийдвэрлэж болохгүй. Америкчууд бид бүгдийн мөнгөөр хэрэглээгээ нэмэгдүүлж, үүгээрээ дэлхийг илүү аюултай шинэ хямралд түлхэж байна» гэж Евгений Федоров тэмдэгллээ. Үүнээс гадна хувь хүн болгонд хямрал тохиолдоно гэдгээс 100 долларын дэвсгэрттэй байгаа хүн болгон болгоомжлох хэрэгтэй. Барагцаалсан тооцоогоор, одоо 100 долларын 18 сая хуурамч дэвсгэрт эргэлтэд байгаа юм.