Египетийн ерөнхийлөгчийн албан тушаалаа 9-р сар хүртэл орхихгүй гэсэн Хосний Мубаракын мэдэгдэлд египетийн сөрөг хүчин төдийгүй Вашингтон сэтгэл дундуур байна. Египетийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, Египетийн ард түмэн удирдлагаа өөрсдөө сонгох ёстой гэж  АНУ ахин ахин давтан мэдээлсээр  байна. Гэвч Вашингтон одоо Мубаракыг нэн даруй огцоруулахыг  сонирхож байна гэж олонхи ажиглагчид үзэж байна. Улс төр судлаач Станислав Тарасов  «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө: «Америкийн засаг захиргаанаас Египетийн байдал болон Мубаракад ер бусаар хандаж байна. Хосни Мубарак нэлээд удаан  өрнөдийн ба АНУ-ын хамгийн хатуу тууштай найдвартай холбоотны нэг болон бүс нутгийн статус-квог дэмжсэн гол этгээд   байсан юм. АНУ түүний тусламжтайгаар Ойрхи Дорнодын зохицуулалтын хувилбараа хэрэгжүүлж  байв. Харин одоо Вашингтон Мубарак гэдэг холбоотноосоо татгалзаж байна. Америкийн засаг захиргаа Египетийн ерөнхийлөгчэд шахалт үзүүлэх хөшүүрэгтэй. Түүнтэй нууц хэлэлцээ хийж өнөөгийн хэрэг явдлаас урьдчилан сэргийлэж мөн түүнийг сулруулж чадах байсан. Гэвч америкийн засаг захиргааны  төлөөлөгчдийн мэдэгдлүүд Мубаракын эсрэг хүчинийг өөгшүүлэв. Гэвч энэ нь гэнэтийн явдал бишээ. Нэг талаас АНУ улс хоорондын харилцааг дэмжиж, нөгөө талаас  сөрөг хүчинтэй ажиллаж байна гэж саяхан АНУ-ын ерөнхийлөгчийн Еврази, Оросын хэрэг эрхлэсэн туслах Макфолл АНУ египетийн хэрэг явдалд хэрхэн хандаж байна вэ гэсэн сэтгүүлчдийн  асуултад хариулан хэлжээ. АНУ Ойрхи, Дундад  Дорнодын талаархи үйл ажиллагаандаа геполитикийн ашиг сонирхолоо л удирдлага болгодог. ЗХУ бутраснаас хойш бүс нутгийн геополитикийн байдалд АНУ  байр сууриа бэхжүүлсэн.Тус улс Иракад халдан довтолж, НҮБ-ын АЗ-өөс Афганистанд цэргийн ажиллагаа явуулах мандат авч, Ираны чиглэлээр «их донсолгоог» бэлтгэв. Гэвч АНУ  үнэн хэрэг дээр Иракийн  байдлыг тогтворгүй болгож улмаар, Иракаас яаж гарахаа сайн мэдэхгүй байна. Америк маягийн афганистаны зохицуулалт гэгчийг дэлхийд зэмлэж байна. Иранд цэргийн цохилт өгөх асуудлыг төлөвлөгөөнөөсөө хассан бололтой. Бүс нутагт АНУ-ын нөлөө суларсан нь тодорхой. Байдлаас харахад америкийн нөлөөг хадгалахыг өөр өөрөөр үзэж буй хоёр бүлэг Төрийн департамент ба америкийн бусад байгууллагад бий болжээ. АНУ  тэргүүлэх байр сууриа хадгалж чадна гэж нэг бүлэг нь үзэж статус-квог хэвээр хадгалахын төлөө байна. Нөгөө нь бүс нутагт лалын түлгүүр үзэл гаарах аюул үүсэхэд анхаарал хандуулж, АНУ цэргээ байрлуулсан ч  хэт даврагч үзлийг тогтоон барьж чадахгүй хэмээн үзэж байна. Лалын аядуу бодлогот  этгээдүүдэд найр тавьж, бүр засгийн эрхэнд гаргаж, лалын радикал үзэлтнүүдийг тусгаарлуулах хүчин болгож болно гэж тус бүлэг үзэж байна. Египетэд «Лалын ахан дүүс» тийм хүчин болж чадна. Мубаракын дэглэмийн үед египетийн тусгай албад америкийнхтай  хамтран «Лалын ахан дүүс» байгууллагыг хайр найргүй хавчиж байсан ч байгууллага улс орныхоо улс төрийн амьдралд байр сууриа хэвээр хадгалав. Тэр египетийн өнөөгийн сөрөг хүчний нэг хэсэг болсон» гэж Станислав Тарасов хэллээ.  Тус байгууллага Египетийн америкийн төлөөний чиг бодлогыг дэмжих улс төрийн шинэ системийн нэг хэсэг болж чадах болов уу? Хосний Мубаракын толгойлсон египетийн дэглэм бол АНУ-ын цорын ганц  холбоотон бишээ. Египетийн өнөөгийн хэрэг явдал тэдний өөр холбоотнуудад ямар дохио явуулж байна вэ?  зэрэг асуултад  Станислав Тарасов хариулахдаа: «Анхны жишээ бий болсон. АНУ-д хэр итгэж болох вэ? гэсэн асуудал өрнөдийн ба америкийн төлөөний дэглэмүүдэд тулгарав. Америкийн тал геополитикийн ашиг сонирхолоо удирдлага болгон тодорхой тохиолдолд тэрслэх бол уу? Америкийн төлөөлний дэглэмүүд сургамж авч магадгүй. Тэд  ашиг сонирхолоо хамтран хамгаалахын тулд нэгдэж, шинэ шинэ холбоотныг эрэх бололтой» гэлээ.