АНУ, Францын залуу астрономчид радио телескопоос харь гаригийн соёл иргэншилд илгээж буй илгээлтэд зориулж нийтлэг код хэл боловсруулахыг санал болгожээ. Энэ нь бидний илгээж буй дохио хүлээн авагчдад хүрвэл түүнийг ойлгох боломжийг дээшлүүлэх болно гэж тэд үзэж байна. Харь гаригийн ертөнцөд бидний илгээж буй дохионууд улам бүр ойлголт муутай болоод байна хэмээн зохиогчид  нь үзэж байна. Сансарт тоожуулсан зураг, чимээ, тэр тусмаа хүүхдийн зураг илгээдэг боллоо. Эдгээрийн хэлбэр хүний мэдрэмжид таарсан учир түүнийг дэлхийн гаднах хүн ойлгож чадах нь эргэлзээтэй юм. Тийм учраас кодын систем, илгээлтийн хэлийг хялбаршуулах хэрэгтэй гэж залуу эрдэмтэд үзэж байна. Харин ШУА-ийн Физикийн хүрээлэнгийн астро сансарын төвийн захирал академич Николай Кардашёв үзэхдээ бидний илгээж буй дохионууд өндөр түвшинтэй соёл иргэншилд очих учир энэ асуудал зохиомол гэлээ. Тэр хэлэхдээ: «Юу илгээх нь хамаагүй, оросоор ч ярьж болно, англиар ч ярьж болно, зураг ч илгээж болно ― тэд учрыг  нь олно. Линкос гэдэг тусгай кодыг одоо боловсруулаад байна. Линкосоор ч илгээж болно. Тэд бид нараас хамаагүй өндөр түвшинд хүрч, тэрбум жилээр илүү хөгжсөн учир ямар хэл кодоор илгээлт илгээх нь хамаагүй юм» гэлээ. Эрдэмтэд 1960 оноос эхэлж дэлхийгээс гаднах соёл иргэншлийн дохио олох гэж орчлон ертөнцийн чимээг сонсдог боллоо. Дараа нь тэд өөрсдөө ч дохио илгээдэг болсон юм. Дэлхийн гаднах оюуны төлөөлөгчид дохиог зөвхөн хүлээн авч, өөрсдөө дохио илгээхгүй бол ертөнц чив чимээгүй үлдэнэ гэж тэд тооцоолжээ. Анхны дохиог Пуэрто-Рикод оршдог Аресибо огторгуйн радио дурангаар 1974 онд илгээжээ. Гурван минутад 1679 гэсэн хоёрдмол тэг, нэгийн тоог илгээжээ. 1679 нь 73-ыг 23-аар үржүүлсэн тоо болохыг харь гаригийнхан ойлгох ёстой гэж үзсэн билээ. Тийм тооны зурвас болон эгнээг бичвэл, тэг, нэгийн тоо нийтдээ Нар, гариг, хүн, ДНК болон химийн зарим махбодийн бүдүүвч болно. Аресибогийн дараа Крымын Евпаторийн радараас илүү нарийн 15 илгээлт илгээсэн байна. Эрдэмтэд илгээлт боловсруулахад хүүхдүүдийг оролцуулахаар шийдсэн юм гэж академич Николай Кардашёв ярьж байна. «Тэд эдгээр илгээлтэд зориулж янз бүрийн юм зохиож, зураг зурж байна. Үүнээс тэдний ертөнцийг үзэх үзэл илүү өргөн болж байна. Тэд ухаанаа зөвхөн мөнгө олоход биш, янз бүрийн сонирхолтой зүйлээ судлахад зарцуулж байна» гэлээ. Крымын радар дээр хийж байсан ажлыг Оросын ШУА-ийн Радиотехник, цахим техникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Александр Зайцев удирдаж байлаа. Одоо шинэ код боловсруулах биш, асуудлыг иж бүрэн шийдвэрлэх хэрэгтэй гэж тэр үзэж байна. Түүний хэлснээр «Одоо ертөнцөд ухаан төгөлдөр дохио илгээх болон эрэн хайхыг зэрэгцүүлж хийх цаг болоод байна. Энэ бол хэрэг дээр нийтлэг зүйл. Бид тэдний дохиог эрэн хайхдаа илгээлт илгээхийн тулд тэд ямар төхөөрөмж зохиосон бэ гэж бодож байгаа юм. Харин өөрсдөө илгээлт илгээхдээ, бидний дохиог тэд ямар аргаар амархан хүлээж авч болохыг бодож байна. Энэ бол харилцан холбоотой зүйл» гэж   А.Зайцев тэмдэгллээ. Нийтлэг кодын төлөө байгаа залуу эрдэмтэд түүнийг боловсруулж чадвал интернетэд тавина гэж амалж байна. Хүссэн хүн болгон тэрнийг шалгаж тэр кодоор өөрийн илгээлтийг тавьж болно. Жишээ нь, хятад хүний илгээлтийг америкийн хүн ойлгож чадвал, үндэстнүүдийн нийтийн гариг хоорондын код үйлчилж чадна гэсэн үг. Одоохондоо энэ үзэл биелж чадах эсэхийг шалгаж тогтоох хараахан болоогүй байна.