Дэлхийн асуудлыг шийдвэрлэх талаар Умард Атлантын гэрээний байгууллага болох НАТО-гийн гишүүн орнуудын зэрэгцээгээр Орос, Хятад хоёр улс АНУ-ын чухал түнш орнууд мөн гэдгийг шинэ хувилбар нь нийтлэгдсэн Вашингтоны цэргийн стратегиэр баталсан байна. Тус баримт бичигт өгүүлэхдээ, АНУ Орос улстай тогтоосон хоёр талын яриа хэлэлцээ, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд хоёр талын стратегийн зэвсэглэлийг хорогдуулах талаар авч байгаа нийт хүчин чармайлт сайхан суурь тавьж байна. Энэ нь саяхан хүчин төгөлдөр болсон Стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай гэрээнд тусгалаа олсон юм. 2-р сарын 5-нд Орос улс болон АНУ-ын гадаад улс төрийн байгууллагуудын дарга Сергей Лавров, Хиллари Клинтон нар тус гэрээг баталсан тухай баримт бичгийг харилцан солилцохдоо, энэ гэрээнд заасан заалтыг тохирсон хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа баталсан билээ. Вашингтоны стратеги бодлогод терроризмтэй тэмцэх, цөмийн зэвсэг болон эд материал дэлгэрэх явдалд хаалт тавих, сансар, Пуужингийн довтолгооноос хамгаалах систем зэрэг асуудлаар Орос улстай хамтын ажиллагааг явуулах болно гэж бас заасан байна. Зарим чиглэлээр Москва, Вашингтоныхон хамтын ажиллагааны жинтэй хүч нөөц хуримтлуулаад байна. Европт Пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах талаар АНУ-тай хамтран ажиллахын тухайд гэвэл Орос улс үүнийг хоёр түнш хүйтэн дайны уламжлалын үлдэгдэлийг бүрмөсөн умартаж чадах эсэхийг шалгасан шалгалт хэмээн үзэж байна. Үүнээс гадна аюулгүй байдал хуваагдмал байдаггүй тухай мэдэгдэл хийхээс тус уриаг амьдралд жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхэд шилжих талбар хэмээн бас үзэж байгаа юм. Энэ нь стратегийн түншлэлийг хэлбэржүүлэхийн чиглэлээр хийх шинэ алхам болно гэсэн үг. Пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах асуудлаар Вашингтон Орос улсын байр суурийг харгалзан үзэх болно хэмээн Москва найдаж байна. Энэ систем нь тэгш эрхийн зарчимд тулгуурлаж, Орос улсын стратегийн нөөц хүчинд аюул учруулах ёсгүй юм. Энэ хоёр нөхцөл хэрэгжих юм бол хоёр тал амжилтад хүрэх болно гэж Оросын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч дарга Павел Золотарёв үзэж байна. Тэр хэлэхдээ: «Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн талаархи хамтын ажиллагаанаас цөмийн стратегийн болон тактикийн зэвсэглэлийг хорогдуулах цаашдын явц шалтгаалж байгаа юм. Обамагийн засаг захиргааны тодорхойлсон «шинээр ачааллах» бодлого нь эсэргүүцэлтэй тулгарч байгаа боловч аажмаар ахицад хүрч байна. Сүүлчийн баримт бичигт Орос улстай явуулах хамтын ажиллагаа гэсэн ойлголт гарч, Москва, Вашингтон хоёуланд хамгийн чухал байгаа тийм асуудлуудыг тодорхойлсон байна. Энэ бол америкийн цэргийн стратегид нааштай ахиц гарч байгаагийн илрэл юм» гэлээ. Тийм дүгнэлтийг АНУ Хятад улстай ч цэргийн хэлхээ холбоог гүнзгийрүүлж, нийтийн эрх ашгийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай шинэчлэсэн стратеги бодлогын тэр хэсэгт бас хийж болно. Энд далайн дээрэмчидтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг зогсоох, мөн Солонгосын хойгт байдлыг тогтворжуулахын тулд Пхеньянд Бээжингээс үзүүлэх нөлөөг ашиглах тухай өгүүлж байна. Үүний зэрэгцээ цэргийн хүчийг шинэчлэх, сансарт болон кибер зайд ажиллагаа явуулах зэрэг Хятад улсын үйл ажиллагааг тогтоох чиг бодлогыг АНУ цаашиж ч үргэлжлүүлэх төлөвтэй юм. Азид АНУ-ын холбоотон орнуудын аюулгүй байдалд заналхийлсэн аль ч оронд эсэргүүцэл үзүүлэхэд хэрэгтэй нөөц гаргахад бэлэн байгааг америкийн стратеги бодлогод  бас  заасан байна.