Египетийн улс төрийн байдал  тодорхой бус хэвээр байна. Тус улс  хямралаас чухам хэдийд гарахыг хэлэхэд хэцүү гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн өдрүүдэд улс төрийн байдал нь эсрэг тэсрэг хоёр  чиглэлээр явагдаж байна. Нэг талаас байдал хэвийн болох шинж тэмдэг мэдрэгдэв. Томоохон хотуудад аж ахуйн үйл ажиллагаа төлөвшиж, дэлгүүр, ресторан нээгдэж, банкууд ажиллаж байна. Хөл хорих цаг хугацааг багасгав. Үүний хамт эрх баригчид сөрөг хүчинтэй яриа хэлцээ хийх зорилгоор  алхам хийж байна. Саяхан дэд ерөнхийлөгч Омар Сулемани сөрөг хүчний төлөөлөгчидтэй анхны хэлэлцээ хийлээ. Талууд Үндсэн хуулийг шинэтгэх асуудал эрхлэсэн хороог байгуулахаар тохиролцов. 4-р сараас албан хаагчдын цалин болон тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Шинэ засгийн газар иргэдийн аж байдлыг сайжруулах өөр арга хэмжээг боловсруулж байна. Үүний хамт эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилж байна. Олон  мянган хүн египетийн нийслэлийн төв Тахрир талбайд урьдын адил цугларч, ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцоруулахыг шаардсаар байна. Байдлаас харахад өнөөгийн эрх баригчдыг эсэргүүцэгчид эндээс явах гээгүй. Баасан гаригт олон зуун мянган хүний жагсаал хийхээр төлөвлөжээ.Улс төрийн хямралын хамгийн хурц үе улирсан ч байдал тогтворжих яагаа ч үгүй  гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хурээлэнгийн шинжээч Георгий Мирский хэлээд «Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг зогсоох цаг болсон гэж засгийн газар үзэж байна. Харин яаж зогсоохыг хэн ч мэдэхгүй байна. Жагсагчид засгийн газрын байрыг  дайраагүй. Телевизийн станцыг булаан эзлэхийг оролдоогүй  байна. Тахрир талбайд л цугларсаар байгаа учир хүч хэрэглэхгүй гэж арми мэдэгдэв. Юу хийх вэ? Одоогоос 20 жилийн тэртээ Хятадын Тяньаньмэнь талбайд болсон хэрэг явдлыг давтуулах уу? Засгийн газар тэгэхгүй. Одоо цаашдаа байдал ямар болохыг хэн ч мэдэхгүй байна» гэв. Египетийн прокурорын газар ДХЯ-ны тэргүүн асан Хабиб аль-Адлын хэргийг мөрдөн байцаасаар байна. Тэрээр засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнөсөн үед  эмх замбараагүй байдалд хамаатай байсан гэж үзэж байна. Хуучин сайд  тусгай газарт нь захирагдсан хүчийг  гудамжнуудаас гаргаж, байлдааны сум хэрэглэх тушаал цагдаа нарт өгч, олон мянган хоригдолыг суллсан бололтой гэж прокурорын газар сэжиглэж байна. Хуучин засгийн газрын өөр гурван сайдын хэргийг бас  мөрдөн байцааж байна.