Зүүн Өмнөд Азид хамгийн том нь болох «Алтан кобра могой-2011» цэргийн сургууль Тайландад эхэллээ. Түүнд АНУ, Тайланд, Индонези, Малайзи, Сингапур, Өмнөд Солонгос, Япон зэрэг 7 орны 13 мянган цэргийн албан хаагч оролцож, 17 орон ажиглагчидаа илгээсэн байна. Америкийн цэргийн нисэх хүчин, нисдэг тэргүүд болон завь эсэргүүцэгч нисэх онгоц тээгч усан онгоцыг оролцуулах болно. Энэ жил байлдааны сургуульд америкийн 7 мянга 500 тэнгисийн явган цэрэг, усан цэрэг, нисэгч оролцож байна. Тайландад «Алтан кобра могой» сургуулийг 1982 оноос эхлэн явуулж байна. Тэр үед түүнд Тайланд болон Америкийн армийн ангиуд л оролцож байсан юм. Зорилго нь онцгой тохиолдолд АНУ Тайландыг дэмжихэд бэлэн байна гэдгийг цэргийн анигуд нь Камбож-Тайландын хил дээр байрлаж байсан Вьетнам улсад харуулахад оршиж байсан билээ. Одоо байдал эрс өөр болжээ. Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Зүүн Өмнөд Ази, Автрали, Океанийн орнуудыг судлах төвийн удирдагч Дмитрий Мосяков хэлэхдээ «Өнөөгийн байдалд энэ байлдааны сургууль Хятад улсын нөлөө өсч байгаа нөхцөлд АНУ Зүүн Өмнөд Азийн орнуудыг дэмжиж байгаагаа харуулж байгаа хэрэг юмаа. Энэ жил тус сургуульд нөлөө бүхий Малайзи улс нэмж орсон явдал энэ цэргийн сургуулийн эргэн тойрон онцгой уур амьсгал бий болгож байна. Yүгээр ЗӨА-ийн хэрэгт АНУ-ийн улс төр, эдийн засаг, зарим талаар цэргийн нөлөөг нэмэгдүүлэхийг сонирхож байгаа тийм орнууд байр сууриа тодорхой харуулж байна гэж судлаач үзэж байна» гэлээ.ЗӨА-ийн түнш орнуудтай хамтарч цэргийн сургууль хийх нь геополитикийн шинэ байдалд Хятад улсыг тогтоон барих америкийн нэг хэрэгсэл болж байна. АНУ дэлхийд, тэр тусмаа Ази Номхон далайн бүс нутагт давамгайлах байдалдаа хэдий нь дассан юм. Харин өнөө үед энэ бүс нутагт америкийн ноёрхолд аюул учруулж буй шинэ аварга том гүрэн гараад байна. Хятад улсын хүчин чадал  нэмэгдэж байгаа явдал зөвхөн эдийн засгийн чадавхи түргэн өсч байгаагаар илэрч байгаа бишээ. БНХАУ цэргийн хүчээ нэмэгдүүлж, Ази, Номхон далайн бүс нутагт байсаар байгаа улс төрийн болон нутаг дэвсгэрийн маргаануудад улам бүр эрчимтэй оролцож, АНУ-ын дургүйцлыг хүргэж байна. Зүүн Хятадын тэнгис дэх Сэнкаку арлууд аль улсад хамаарагдах тухай асуудлаар Хятад Японы хоорондын хямрал туйлдаа хүрэхэд АНУ Хятад улсад урьд өмнө үзүүлж байгаагүй тийм даралт шахалт үзүүлж Токиог дэмжсэн юм. Вашингтоныхон бас Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудаас болж Хятад болон Вьетнам, Филиппин, бас хэд хэдэн орны хооронд гарч буй маргааныг шийдвэрлэх талаар тус дэм үзүүлэхийг санал болгосон байна. Бээжингийнхэн үүнийг өөрийн ашиг сонирхолын хүрээнд шууд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг хэмээн үзсэн юм. АНУ болон Өмнөд Солонгос хамтарч Хятадын эрэг хавьд тэнгисийн цэргийн сургууль хийснийг Хятад улсад үзүүлсэн шахалт хэмээн бас үзэж болох юм. Одоо бол «Алтан кобра могой - 2011» цэргийн сургуулийг хийж байна. Тэнгэрийн доорхи улс ямар хариу өгөх бол? Өмнөд Хятадын тэнгисийн сав газарт хятадын цэргийн нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчний томоохон цар хэмжээтэй сургууль хийж бас магадгүй гэж оросын дорно дахиныг судлаач Дмитрий Мосяков үзэж байна.