Сочид болох Олимпийн болон Параолимпийн бэлгэ тэмдгийг сонгох ажиллагаа Орос улсад эхэллээ. Телевизийн төв сувгаар 2014 оны Олимпийн тоглолтын нүүр царай болохыг горилсон бүтээлүүдийг танилцууллаа. Оросын иргэдэд 11 хувилбараас сонголт хийхийг санал болгосон байна. Шинжээчдийн шалгаруулах комисс тэдгээрийг улсын хэмжээний уралдаанд ирүүлсэн нийт 25 мянган саналаас сонгож авсан билээ. Шалгарч чадсан бүтээлүүдийг мэргэжлийн зураач, зурмал киноны зураачид нарийн боловсруулж, тус бүрт зориулж 30 секундын мультфильмын кино хийсэн байна. Санал болгосон бүтээл бүрийг бүх талаас харуулж, чухам яагаад энэ нь Сочид болох Олимпийн болон Параолимпийн бэлгэ тэмдэг болоход хамгийн их зохистойг байгааг тайлбарласан тайлбарыг зохиосон байна. Жишээ нь, цагаан баавгай жинхэнэ тамирчин шиг байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас хүйтэнд ажирдаггүй гэж өөрөө хэлж байна. Спортын тайлбарлагч дельфин бол Олимпийн бүх төрлийн уралдаан тэмцээнийг тайлбарлан сурвалжлага хийхэд бэлэн байна гэнэ. Өвлийн өвгөн бол спортын ачаар хэзээд эрүүл чийрэг  байдаг гэж ярьж байна. Зана шувуу өвөл ой модонд спортын дасгал бэлтгэл  хийхийг уриалж, ирвэс сноубордоор гулгах дуртай уулын аврагч гэж өөрийгөө танилцуулж байна. 4 матрешка тус бүр хүчтэй, шаламгай, зорилгодоо хүрдэг, ухаантай зэрэг хосгүй чанартай. Дурдсан бүтээлүүдээс гадна бас нар, хүрэн баавгай, туулай, галт хүү болон цасан ширхэг Олимпийн болон Параолимпийн тоглолтын бэлгэ тэмдэг болохыг горилж байна. Олимпийн бэлгэ тэмдэг манай орны дүр төрхийг санагдуулж, Сочид болох тоглолтын талаар мартагдашгүй сайхан сэтгэгдэл үлдээж чадауйц тийм байх ёстой гэж олимпийн аварга Светлана Журова «Оросын дуу хоолой» радиостанцид ярилцлага өгөхдөө хэллээ. «Бэлгэ тэмдэг зөв сонгож авах нь хэцүү байдаг юм. Олимпийн тоглолт хоёр юм уу гурван бэлгэ тэмдэгтэй байх нь зүйтэй гэж би үзэж байна. Жишээ нь, энэ нь цагаан баавгай болон кавказын ирвэс байж болох юм. Урьдчилсан санал хураалтад өвлийн өвгөн хамгийн өндөр оноо авсан гэж би дуулсан. Гэвч би үүнийг дэмжихгүй  байгаагаа илэрхийлмээр байна. Манай брендыг алдахаас айж байна. Олимпийн тоглолт дуусахад бэлгэ тэмдэг ашиглах бүх эрх Олимпийн олон улсын хороонд шилжих бөгөөд Орос улс Олимпийн олон улсын хорооны зөвшөөрөлгүйгээр өвлийн өвгөний дүрс бүхий бүтээлийг ашиглах эрхгүй болно шүү дээ» гэж Светлана Журова хэллээ. Гурван Олимпид оролцсон Светлана Журовагийн хэлснээр тамирчдын хувьд бэлгэ тэмдэг маш их чухал байдаг. Тэд нь бүх гараанд сайн сайхан уур амьсгал  бий болгож, тамирчдад тусалж байдаг шүү дээ. Энэ бол насан туршийн дурсгал болдог юм гэж Светлана Журова хэллээ. «Тамирчид Олимпийн тоглолт бүрээс дурсгалтай бэлгэ тэмдэг авчрах дуртай. Зарим тамирчид Олимпийн тоглолтод ганцхан удаа оролцдог, бас заавал ялдаг биш шүү дээ. Гэтэл тоглолтын тухай дурсамж бэлгэ тэмдэгийн ачаар үлддэг. Бас төрөл садан, найз нөхдөдөө бэлгэлэх сайхан бэлэг. Тамирчин ялалт байгуулсан бол тэр нь түүний насан туршийн бэлгэ тэмдэг ч болж үлдэж магадгүй. Сочид болох Олимпийн болон Параолимпийн тоглолтын бэлгэ тэмдийг 2-р сарын 26-нд мэссэжээр явуулах бүх нийтийн санал хураалтын дүнгээр сонгох болно. «Сочи-2014»-ийн зохион байгуулах хорооны төлөөлөгчид шинэ бэлгэ тэмдэг бүх дэлхийн хүмүүст таалагдаж, 1980 оны Москвагийн олимпийн тоглолтын бэлгэ тэмдэг болсон алдартай Мишкатай адил  хайртай бэлэгдэл  болж үлднэ гэж найдаж байна» Светлана Журова төгсгөлд хэллээ.