Казань хотод 2013 оны Универсиадын тоглолт явуулахад бэлтгэх явцдаа спортын болон тээврийн бүтцийг хөгжүүлж, орон сууцыг  засварлахаас гадна хотынхоо түүх соёлын төвийг хамгаалж, шинэчлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа юм. Казанийн түүхийн төв нь "Старо-Татарская слобода"   дүүрэгт оршиж байгаа учраас чухам энэ дүүрэгт дархан цаазтай газар байгуулахаар шийдсэн байна. Энэ дүүргийг онцгой статустай болгох талаар  бүр ХХ зууны сүүлээр ярьж эхэлсэн билээ. 1990 онд «Старо-Татарская слобода»  дархан цаазтай газар байгуулах тухай ОХУ-ын засгийн газрын тогтоол гаргасан юм. Гэвч цаг үеийн шалтгаанаас болж энэ тогтоолыг хэрэгжүүлж чадаагүй билээ. Соёлын өв уламжлалт газрын хувьд тус газрыг Казаний Кремльтэй харьцуулж болох юм гэж түүхчид үзэж байна. Энэ дүүргийн олонхи байшинд алдар суутай зүтгэлтнүүд сууж байсан учир тэдгээр нь бараг бүхэлдээ түүх соёлын дурсгалт газар болж байна. «Старо-Татарская слобода» нь татарын ард түмний уламжлалт өвийг хадгалсан төв болсон учир энд дархан цаазтай газар музей байгуулах шаардлагатай нь эргэлзээгүй гэж Казань хотын ерөнхий уран барилгач Татьяна Прокофьева тэмдэглэж байна. Тэр хэлэхдээ:«Техникийн боломжийг харгалзан түүхийн барилга байгууламжийг аль болох хуучин байдлаар  нь хадгалах явдал бидний зорилго юм» гэлээ. Музейн энэ цогцолборыг байгуулахад шаардлагатай хууль тогтоомжийг боловсруулах явдлыг Уран барилга, хот байгууламжийн ерөнхий газарт даалгасан байна. Уүнийг боловсруулахдаа 2006 онд мянган жилийнхээ ойг тэмдэглэж, түүхийн барилгаас гадна оросын худалдаачдын хуучин хотын уур амьсгалыг хадгалж чадсан Елабуга хотынх шиг хэрэгжүүлж дууссан бөгөөд амжилт олсон тийм төслийн туршлагыг ашиглах болно. Казаний Кремль бол ийм жишээний нэг юмаа гэж Казанийн соёл урлагийн их сургуулийн проректор Рафаэль Валеев хэлж байна. Тэр тэмдэглэхдээ: «Казанийн Кремль бол 10 жилийн дотор дархан цаазтай газар байгуулж чадсан сайхан жишээ юм. Жилд түүнийг дэлхийн олон газраас 800 мянган үзэгч ирж сонирходог. Хотын оршин суугчид Оросын олон хотоос жуулчдын автобус тасралтгүй ирж байхыг харж байдаг. Бид ганц дурсгалт зүйлсийг биш, Казань хотын нийт төрх байдлыг хуучнаар нь хадгалж чадвал жуулчдын тоо эрс нэмэгдэх болно» гэлээ. Казанийн нутаг дэвсгэрт одоо соёлын өвийн 552 объект байна, тэдгээрийн 119 нь нийт холбооны ач холбогдолтой юм. 251 объектыг соёлын өвийн санд шинээр оруулахаар төлөвлөж байна. Зохих шийдвэрийг бэлтгэх тухай саналыг ОХУ-ын соёлын яаманд оруулаад байна.