Египет дэх эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцогчидтой эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн цуглан хийж буй арабын орнуудын тоо олширсоор байна. Өчигдөр Бахрейнд сөрөг хүчин «эрх чөлөөг эрхэмлэгч египет хүмүүсийг  дэмжих»  цуглаан хийх зөвшөөрөл авахыг хоёр удаа оролдож авсан байна. Тунист улс төрийн хөдөлгөөний идэвхтнүүд , түүний дотор лалын хэт даврагчид « Египетийн ард түмэн , газар нутгийг Мубаракын дарангуйлан захиргаадах дэглэмээс ангижруулахыг» шаардав. Марокко улсын нийслэл Рабат хотод болсон жагсаалд оролцогчид «Бид бүгд египетийн ард олныг дэмжиж  байна!», «Египетийн олон мянган оршин суугч  дарангуйлан захиргаадах дэглэмийг түлхэн унагахын тулд амь насаа өргөхөөс ч буцахгүй!» гэж хашгирав. Ливанд египетийн босогчдыг  дэмжсэн жагсаалыг лалын байгууллагууд идэвхтэй дэмжив. Триполид «Хизб ат-Тахрир» - Лалын чөлөөлөх намын идэвхтнүүд түрэмгий  ажиллагаа явуулж, «лалын туг мандуулж, дарангуйлагчдыг түлхэн унагахыг» уриалав. Бейрутын байдал ч түгшүүртэй болсон. Эхлээд  Египетийн талийгаач ерөнхийлөгч  Гамаль Абдель Насерын хөрег барьсан зүүний байгууллагын идэвхтнүүд дараа нь «Аль-Жамаа аль-Исламия» радикал байгууллагын гишүүд  Египетийн элчин сайдын яамны дэргэд жагсав.» Дарангуйлагч дэглэмийг түлхэн унагах хүртэл хэдхэн цаг үлдээд байна», «Мубарак Тель Авив руу яв.Тэнд чамайг хүлээж байна!» гэж тэд  уриалжээ. Оросын дорно дахиныг судлагч Владимир Ахмедов хэлэхдээ: «Энэ үйл явц Египет болон бүс нутгийн бусад улсад дөнгөж эхэллээ. Улс бүрт үйл явц өөрийн онцлог, шинж чанартай. Арабын ард түмнүүд  «сэрсэн». Арабын улс үндэстний хүчирхэг хөдөлгөөн нийгмийн хувьсгал, донсолгооны нөхцөлд өрнөж байна. Тунис болон Египетийн үйл явдлууд үүнийг нотлон харуулав. Тэндхийн үйл явц  бүс нутгийн шинэ шинэ орныг хамрана» гэв. Засгийн газар, ерөнхийлөгчийг огцоруулахыг уриалсан  олон нийтийн тэмцэл хөдөлгөөн  египетийн Александрия, Суэц, Порт-Саидад ахин өрнөв. Каирт баасан гаригийг  «Мубаракын хувьд сүүлчийн өдөр» хэмээн зарласан боловч  засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн эхэлсэн 1-р сарын 25-аас хойшхи хамгийн тайван өдөр боллоо. Хилэгнэн зэвүүцэх өдөр хэмээн зарласан баасан гаригт зарим нэг будлианаас өөр  янз бүрийн урсгалын төлөөлөгчдийн мөргөлдөөнийг үүсгэх , буудалцах, сэтгүүлчдийг шахан хавчих тохиолдол гарсангүй.Анхны сэтгүүлч Каирт амь үрэгдсэн байна. Египетийн «Аль-Ахрам» томоохон сонины  сурвалжлагч  сурвалжлага хийх үеэрээ шархдаж нас баржээ. Орос, Бразили, Их Британи, Польш, АНУ, Франц  болон өөр олон орны  сэтгүүлчид Египетэд хүч хэрэглэх ажиллагаанд нэрвэгдэв. Сурвалжлагчийн газрынхаа  хаяг  тэмдэг бүхий баримтаа далдлах зөвлөмж Каирт томилогдон ажиллаж буй сурвалжлагчдад өгсөн байна. Хууль ёсоор ажиллаж буй хэвлэл мэдээллийн хэрэслүүдийн төлөөлөгчдийг хавчиж мөрдөхийг хүлцэж болохгүй гэж Оросын ГХЯ мэдэгдлээ. Оросын тал Египетийн эрх баригчид, сөрөг хүчин болон улс орныхоо нэр хүндийг бодож  буй египетийн бүх оршин суугчдад хандан гадаадын сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг уриалав. Өөрийн хариуд «Хаа сайгүй ажиллах сурвалжлагчид» олон улсын байгууллага  Египетийн эсрэг хориг арга хэмжээ авахыг НҮБ-аас шаардав. Албан ёсны эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд баталгаа өгөхөөс одоогоор түдгэлзэж байна. Тэд  Катарын «Аль-жазира» хиймэл дагуулын телевийзин сувгийн Каир дахь товчооны эрхлэгчийг өчигдөр баривчлав.