Тунис, Египет улсуудад болж байгаа, одоогийн дэглэмийг эсэргүүцсэн үйл ажиллагаанаас арабын ертөнц болгоомжилж байна. Иордан, Йемен, Сир, Алжир улсуудын төр засаг эдийн засгийн болон улс төрийн эрс өөрчлөлт хийхээ амаллаа. Тунис, Египет улсуудад болсон эсэргүүцлийн хөдөлгөөн улс оронд нь хадварлахаас тэд айж байна. Манай радиод өгсөн ярилцлагадаа францийн шинжээч Жан-Пьер Дозон нөхцөл байдлыг тайлбарлахдаа: «Энэ бол босгож тавьсан даалуунуудыг нэг талаас нь цохиход бүгд налж ундагтай адил юм. Ерээд онд Берлиний хана нуран унасантай яг ижил юм болж байна. Арабын нилээд олон орнуудад одоогийн дэглэмд дургүйцэж байгаа нь илэрч байна. Энэ бол халдвартай юм. Тэгэхдээ нэгдсэн маяг байхгүй байна. Тунис, Египет, Йемен, Сир улсууд өөр өөрийн түүхтэй улсууд» гэлээ. Баасан гаригт Сир улсад уур хилэнгийн өдөр болж байна. Сөрөг хүчний үндсэн шаардлага нь Башар Ассадын дэглэмийг унагаах, сонгуулийг бүх түвшинд явуулах, хэвлэлийг эрх чөлөөтэй болгох, авилга хээл хахуултай тэмцэх, онц байдлыг цуцлах явдал юм. Энэ онц байдлыг эрх баригч Арабын социалист сэргэн мандалтын нам засгийн эрхэнд гарсан 1963 оноос хойш тогтоосон юм. Йеменийн ерөнхийлөгчийг эсэргүүцсэн жагсаал Сана хотод саяхан боллоо. Мөн л Тунис, Каирт болсон жагсагчидтай адил дарангуйлагч дэглэмийг огцруулахыг уриалсан байна. Эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болохоос болгоомжилж ерөнхийлөгч Али Абдалла Салех 2013 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж мэдэгдлээ. Египетэд иймэрхүү амлалтыг жагсагчид хүлээж аваагүй юм. Баасан гаригт урьдах 10 өдрийн нэгэн адил Хосни Мубаракыг огцорч, эх орноосоо явахыг шаардлаа. ЕХ болон АНУ энэ шаардлагыг үнэн хэрэг дээрээ дэмжлээ. Төр засгийг тайван замаар шилжүүлэх асуудлыг Вашингтон Египетийн засгийн газартай өнөөдөр хэлэлцэж байна. Оросын Дорно дахиныг судлаач Владимир Ахмедов хэлэхдээ «АНУ Египетэд болж байгаа үйл явдлыг далимдуулж хямралаас гарах аргыг боловсруулж байна. Ойрхи Дорнодод өөрийн ашиг сонирхолыг хамгаалах, Египетэд болон хөрш орнуудад болж байгаа улс төрийн чухал үйл явдлыг ашигтайгаар эргүүлэхийг АНУ хичээж байна» гэлээ.Тунис болон Иорданд ерөнхий сайдыг сольсон нь жагсагчидад таалагдсангүй. Тунист шинэ ерөнхий сайд томилохыг Иорданд парламентийг тараахыг шаардаж байна. Мөн бүх нийтийн сонгууль явуулах, үндэсний авралын засгийн газар байгуулахыг шаардаж байна. “Уур хилэнгийн”  хөдөлгөөнийг лалынхан маш идэвхитэй дэмжиж байна. Тэд Хашимитын хаанчлалыг ил эсэргүүцэхгүй байгаа боловч иргэний эрх чөлөөг бий болгохыг шаардаж байгаа нь хаант засаглалыг устгахад мина тавьж байгаатай адил юм. Ар талд нь лалууд байгаа сөрөг хүчний дарамтад Алжирын төр засаг бууж өгч байгаа бололтой. 19 жил тогтож байгаа онц байдлыг тус улсын ерөнхийлөгч Абдельазиз Бутефилика цуцаллаа. Бүх улс төрийн намуудад радио телевизээр ярих эрх чөлөөг олголлоо. Хамгийн гол нь энэ амлалтууд Нил мөрнөөс эхтэй эсэргүүцлийн жагсаалыг тогтоон барьж чадах бол уу?