Өрнөд Европ болон Орос, Хятад, Японы аялал жуулчлал, тээврийн компаниуд Тунис, Египетийн хувьсгал үймээнээс болж их хэмжээний хохирол  хүлээж байна. Эдгээр арабын улсууд өрөнд нэрвэгдэх аюул тулгарч, хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний аюулгүй байдлын эрсдэл хурцдав. Олон улсын аялал жуулчлал нэлээд их хохирсон байна. Тухайлбал оросын аялал жуулчлалын агентлагууд  Египетийн хэрэг явдлын улмаас 100 сая гаруй доллар алдав. Өрнөд Европын орнуудын агентлагууд ч жуулчдад төлсөн мөнгий нь буцааж үгүйрэн хоосорч байна. Аялал жуулчлал төсөвийн  орлогынх нь 10 хувийг бүрдүүлдэг  Египет  улс долоо хоногийн дотор наанадаж 12 тэрбум доллар алдав. Ийм хэмжээний хөрөнгө  Суэцын сувгийг гурван жил ашиглаад  төсөвт шимэтгэх хөрөнгөтэй тэнцэж байна. Москвагийн УИС-ийн шинжээч Александр Вавилов  саналаа илэрхийлэн хэлэхдээ «Үүний өмнө ч Египетийн эдийн засаг үлгэр жишээ болохуйц тэнцвэртэй байгаагүй. Ардын тэмцэл хөдөлгөөн өрнөсний дараа Египетийн рейтинг эрс доошлов. Орчин цагийн  эдийн засаг нэг-хоёрхон өдөр сул зогсох нь ноцтой уршигтай болно. Иймээс өнөөгийн байдал дэлхийг түгшүүлсэн. Египет бол арабын ертөнцийн  төв ба бүс нутгийн тэргүүлэгч улс» гэв. Өдөр бүр олон сая долларын эргэлттэй байсан Каирын хөрөнгийн биржийг хаажээ. Бэлэн мөнгө их дутагдаж, тэргүүлэх банкууд ажиллахгүй байна. Энэ нь араб дахины санхүүгийн бүх системийн байдалд нөлөөлөхгүй  байж чадахгүй.Түүнээс гадна Египетэд тээврийн хөсөг зогссон, өөр шалтгаанаар хүнсний хангамж дутагдаж байна. Иймээс олон улсын үр тарианы зах зээл үнийг  египетийн хэрэг явдалтай холбогдуулан эрс нэмэгдүүлж болзошгүй гэлээ. Суэцын сувгийг хаах аюул тулгарснаас хойш дэлхийн нефтийн биржуудэд мэгдэн сандрах үзэгдэл  үүсэв. Суэцын суваг бол дэлхийн худалдааны арваад хувийг хангаж буй Ази Европын хоорондын гол усан зам юм. Дэлхийн зах зээлд нэг баррель нефтийн үнэ 2008 оны 10-р сарын хэмжээг сэргээж 100 доллараас давжээ. Харин сүүлийн хоёр өдөр нефтийн үнэ АНУ-ын  статистикийн нааштай тоо баримтуудтай холбогдон бага зэрэг буурсан байна. Нефтийн  үнэ эрс хэлбэлзэх явдал санхүүгийн хямралаас хойш эдийн засаг нь  сэргэж,эрчимтэй хөгжиж эхлэсэн  орнуудад заналхийлж болох юм. Түүнээс гадна Египет, Тунисын хувьсгал  Йемен, Иордани болон бусад хэд хэдэн улсад тархаж магадгүй. Иймээс хөрөнгө оруулагчид хөрөнгөө эдгээр улсаас арга буюу татаж, тайван байдалтай  улсуудад шилжүүлж байна. Гэвч их хэмжээний валютыг шинээр бий болж байгаа зах зээлүүдэд  шилжүүлэх нь эрсдэлтэй. Учир нь инфляцийг гааруулах, «валютын дайн» гэгчийг дэгдээх уршигтай юм. Хойд Африк, Ойрхи Дорнодын  улс төрийн эрс хувирал дэлхийн эдийн засгийн байдалд нөлөөлөх нь тодорхой зүйл. Хичнээн нөлөөлөх нь «цэцэг», «жимсний» хувьсгал гэгчдийн босгон дээр байгаа орнуудын бодлогоос ихээхэн шалтгаална. Эдгээр хувьсгал Ираны адил «луусын хувьсгал» болж хувирвал, эдийн засгийн байдал эрс доройтоно. Тэгвэл  бүс нутгийн улс төр, эдийн засгийн байдалд хамгийн ноцтой сорилт учирч  мэднэ.