Энэ баярын орой та бүхнийхээ амар амгаланг айлтгая! Өнөөдөр битүүний орой. Ингээд эрхэм хүндэт анд нөхөд маань битүүлэх гээд идээ шүүсийнхээ ард тухлан сууцгаасан биз ээ.Та бүхэн маргааш өглөө монголчуудын хамгийн эртний, хамгийн дуртай баяр Цагаан сараа угтахаар баярлан сууна уу?Та бүхэн сэтгэл санаа өөдрөг байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Та бүхэн өр авлагаа барагдуулж, ам муруйсан бол бие биеэ уучилж хөөрөг зөрүүлэн сууна уу? Мэдээж хэрэг шинэ дээл оёуулж, эсвэл шинэ дээл худалдаж аваа биз ээ.Тавгийн идээгээ засаж, тарган хонины ууц шүүсээ тавьж, айраг цагаагаа сөгнөн, амтат буузаа таваглан баярын ширээ баян тансаг байгаа биз ээ. Баярын идээ хэр тансаг байна, ирэх жил төдий чинээ баян тансаг байх болно. Энэ жил төмөр туулай  жил гарах гэж байна.Та бүхнээсээ таван мянган километрийн алсад цасан цагаан Москва хотод суугаа монголчууд, маргааш өглөө ОХУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яаман дээр цугларч Цагаан сараа угтах болно. Элчин сайд Долоонжингийн Идэвхтэн эх орон нэгтнүүдээ угтан авах болно. Харин өнөөдөр ноён элчин сайд манай “Оросын дуу хоолой” радиогийн зочноор уригдан ирээд байна.(Ноён Д.Идэвхтний мэндчилгээ)

   Эрхэм элчин сайдтай хамт “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний хэлтэсийн хамт олон  бид, та бүхэндээ сар шинийн мэнд хүргэж байна. Эрхэм нөхдөө! Монгол газар шороон дээрээ амар амгалан байж, хөгжил цэцэглэлт дуурсах болтугай! Аз жаргал, амжилт бүтээл тантай хамт байг! Цагаан сараар бие биедээ бэлэг өгөх ёстой. Бид ч гэсэн та бүхэндээ, оросын нэрт хөгжмийн зохиолч, дуучин Игорь Николаевын дуулсан, “Сайхан сэтгэлтэй хүмүүс” гэдэг дуугаар ая дууны бэлэг барьж байна.(Дуу)  “Цветы” буюу “Цэцгүүд” хамтлагын дуучид, та бүхэндээ “Бид та нартаа аз жаргалыг хүсэж байна” гэдэг дуугаараа сар шинийн мэнд хүргэж хундага өргөж байна.(Дуу)

   Та бүхэндээ Сар шинийн баярын мэндийг бас дахин хүргье! Дорнын зурхайгаар төмөр Туулай жил аз жаргал, хайр элбэрэл, азтай гэрлэлт, дипломат ажилд амжилт, албан тушаалын өсөлт энэ бүхнийг амлаж байна. Мэдээж хэрэг аз жаргал, амжилт бүтээл аливаа бүхэн зөвхөн биднээс л  шалтгаалана шүү дээ! Эрүүл энхийг хүсэн ерөөе! Тавтай сайхан шинэлээрэй!