Биржийн дотоодын худалдааны хүрээнд 2-р сарын 4-нд Орос Улсад үр тарианы биржийн худалдаа болно. Өнгөрсөн жилийн ган гачиг, түймэрт нэрвэгдсэн ОУ-ын бүс нутгуудыг үр тариагаар хангахад энэ нь тус болно. Мөн ийм үйл ажиллагаа хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үнийн өсөлтийг зогсооно. 2010 оны тариа хураалт төлөвлөж байснаас арай бага болсон юм. ОУ-ын төвийн нутгуудад гарсан түймэр, үр тариа үйлдвэрлэгч бүс нутгуудад болсон ган гачиг тариа хураалтыг  2009 оны түвшинд хүргэхэд саад болсон юм. Үүний үр дүнд ойролцоогоор 60 сая тонн үр тариа хурааж авсан юм. Үүнээс болж Орос Улс  үр тарианы экспортыг түр зогсоосон юм. Оросын хэд хэдэн бүсэд мал аж ахуйд зориулсан тэжээлийн үр тариатай холбоотой асуудал тулгараад байна. Зах зээл дээрх гадаадын махны хэмжээ ялангуяа том хотуудад их байна. Энэ нь заримдаа 50%-д ч хүрч байна. Ийм учраас үр тарианы дотоодын худалдаа нь мал аж ахуйнхан үйлдвэрлэлийнхээ түвшинг барихад тус болно. Өргөн хүрээгээр авч үзэх юм бол инфляцийн өсөлтийг барихад туслана. Барууны эдийн засагчид инфляцийн өсөлтөд онцгой анхаарал хандуулдаг юм. Хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үнийг эдийн засгийн хөшүүргээр тэр дундаа үр тарианы дотоодын худалдаагаар барьж байх ёстой гэж Орос улсын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский онцлон тэмдэглээд «Зах зээлийг зохицуулах зорилгоор энэ худаалдааг хийж байгаа юм. 2010 оны 7-р сараас эхлээд үр тарианы үнэ зогсолтгүй өсөж байгаа нь энэ арга хэмжээг авах үндсэн шалтгаан болж байгаа юм. Одоогийн байдлаар үнэ хангалттай өндөр хэмжээнд байгаа бөгөөд дэлхийн хүнсний хямрал болсон хоёр жилийн өмнөх түвшинд ойртож байна. Өнөөдөр дэлхийн үнэ ч манай дотоодын үнэ ч өндөр байна. Дотоодын худалдааны сангаар дамжуулан худалдаа хийх болсон нь энэ үнийн өсөлтийг зогсоох зорилготой юм» гэлээ. Энэ худалдаанд сар бүр 500 мянган тонныг нийлүүлэх болно. Ерөнхийдөө улсын мэдэлд байгаа 9 сая 600 мянган тонн үр тариа нь бүс нутгуудын дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадна. Тэр дундаа мал аж ахуйн тэжээлийн үр тарианд ч хүрэлцээтэй юм. Энэ хэмжээ зах зээлийг зохицуулахад ч хүрэлцээтэй. Хамгийн гол нь “хэтрүүлж” болохгүй гэж шинжээч үзэж байна. Үнийн өсөлтийг зогсоох хэрэгтэй гэхдээ хэт багасгаж болохгүй. Хэт багасгах юм бол газар тариалангийн үйлдвэрлэгчдийн сонирхолыг яг хаврын тариалалтын үеэр бууруулах аюултай. Гамшиг болсон бүс нутгуудад улсаас 35 тэрбум рубль буюу 1 тэрбум доллар гаргаж өгөөд байна. Энэ тусламжийн ихээхэн хэсэг нь төсвийн зээлийн хэлбэрээр очих болно. Өвөл дуустал малдаа тэжээлийн үр худалдаж авахад нь энэ мөнгөн тусламж хүрэлцэх юм. Хэрвээ энэ жил 85 сая тонн орчим үр тариа хурааж авах юм бол Орос Улс дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй үр тариа үйлдвэрлэгч дэлхийн тэргүүлэх гүрний тоонд дахин орох болно