Төмөр туулай жилийг Байгал нуур дээр угтахын тулд 4000 километр туулах москвачуудын тоо цөөнгүй байна. Тэд Байгалын чанд дахь унаган иргэдийн эртний уламжлалтай танилцаж, зан үйлийн ёслолд оролцож, ёс суртхууны багш лам нартай харилцах болно. Энэ бүхнийг та бүхэнд Эрхүү хотын “Байгал нуурын адал явдал” жуулчлалын компанийн Буриадын салбар санал болгож байна. Тус компанийн буриадын салбарын захирал Светлана Шагдурова ярихдаа: «Өөрийнхөө үйлчлүүлэгч нарт санал болгож байгаа энэ аялалаа бид Цагаан сарын баяр гэж нэрлэсэн юм. Буриадад энэ баярыг Сагаалган гэж нэрлэдэг бөгөөд баярын энэ өдрүүдэд бид энэ аялалыг зохион байгуулна. Бүх уламжлал ёс заншил нь монголын Цагаан сартай ижилхэн. Энэ аялал 7 өдөр үргэлжилнэ. Энэ хугацаанд бид аялагчиддаа Байгал нуурыг үзүүлж, өөрийн ёс заншлаа танилцуулна.Одоо Орос Улсад буддизм, дорнын соёлыг сонирхогчид улам ихсэж байна. Сагаалганы үеэр буриадын ёс заншил, соёлтой танилцахад хамгийн тохиромжтой үе юм. Гол баярынхаа үеэр манай БН улс улам өнгөлөг гоё болдог юм. Ийм учраас л манай улсын европын хэсгээс жуулчид 4 мянга километрийг туулж Буриад улс, Байгал нуур руу ирдэг билээ. Тэдний ихэнх нь Москва, Санкт-Петербург хотын оршин суугчид байдаг юм. Сагаалганы баярын үеэр аялах хүмүүст зориулсан тасалбар аль хэдийн дуусчээ. Энэ ч гайхаад байх зүйл биш! Ийм гайхамшигтай зүйлийг өөр хаана үзэх юм бэ?Бид жуулчдыг Улаан-Үдээс 170 километрт байдаг Байгал нуурын Энхалук гэдэг газар аваачна. Аялалд оролцогчид маань энд Байгал нуурын болон түүний эргэн тойрны үзэсгэлэнтэй сайхан газар нутагтай танилцах болно. Хамгийн гол нь Иволгийн дацангаас ирсэн түвд эмнэлэгийн зүү төөнүүр бариа заслын маарамбууд болон зурхайч лам нартай өдөр бүр уулзах боломжтой. Лам нар бас түвд анагаах ухаан болон буддизмын тухай лекц уншина. Мэдээж хэрэг ийм аялалыг зохион байгуулахад хүндрэлтэй асуудал байсан, ялангуяа лам нартай хамтран зохион байгуулахад хүндрэтэй байсан гэж Светлана Шагдурова ярилаа.

Байгал далайн зүүн эрэгт “Байкальская гавань”аялал жуулчлалын онцгой бүс барихтай холбогдуулж БН Буриад улсын засгийн газар, бүх жуулчдын компаниудад жуулчдыг бүтэн жилийн турш ирүүлэх зорилт тавь гэсэн даалгавар өгчээ. Энэ  мэдээж хэцүү даалгавар. Энэ гайхамшигтай нуур Орос Улсын төв болон баруун нутгаас дэндүү хол билээ. Харин “Байгал нуурын адал явдал” аялал жуулчлалын компани энэ зорилтыг өвөрмөцөөр шийдсэн байна. Цагаан сарын баяраар ийм аялал зохион байгуулах энэ саналыг монголын аялал жуулчлалын компаниуд түргэн тусгаж авлаа. Байгал нуурын “төрсөн дүү” Хөвсгөл нуур Монгол улсад байдаг шүү дээ.