Домодедово онгоцны буудалд даваа гаригт үйлдсэн алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүстэй Москва салах ёс гүйцэтгэж байна. Хотын дөрвөн оршуулгын газар гашуудлын ажиллагаа болно. Оршуулгын бүх зардлыг нийслэлийн засаг захиргаа дааж байна. Амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд 2 сая рубль буюу 65 мянган доллар, хүнд шархадсан хүмүүст 1,5 сая рубль, дунд зэргийн болон хөнгөн шархадсан хүмүүст 1 сая рубль тус тус төлнө гэж урьд нь мэдэгдсэн билээ. Домодедовод үйлдсэн алан хядах ажиллагааны үеэр 35 хүн амь үрэгдсэн юм. Сүүлийн үеийн мэдээгээр эмнэлэгт шархадсан 125 хүн үлдээд байна.