Москва хот болон Москва мужид гашуудлын өдөр болж байна. "Домодедово" онгоцны буудалд 1-р сарын 24-нд үйлдсэн алан хядах ажиллагаанаас болж амь үрэгдсэн 35 хүнийг дурсан санаж, 180 хүнийг өрөвдөн хайрлаж байна.Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст мөнгөн тусламж үзүүлнэ гэж оросын төр засаг мэдэгдлээ. Буруутан этгээдүүдийг олж шийтгэх нь дараагийн алхам юм. Онгоцны буудалд дэлбэрэлтийг амиан золиослогч эмэгтэй үйлдсэн гэж мөрдөн байцаагчид таамаглаж байна. Онгоцны буудлын олон улсын нислэгийн хүлээлгийн танхимд угтан авагсад маш олон байсан юм. Гэнэтхэн нэгэн эрэгтэй хүн өөрийнхөө нэр болон хаанаас ирснээ хашгаран хэлснийг хүмүүс тогтоож авсангүй харин 35 настай гэдгийг л тогтоосон гэж нүдээр үзсэн хүмүүс ярьж байна. “Та нар одоо бүгдээрээ үхнэ” гэсэн түүний сүүлчийн үгний дараа дэлбэрэлт болсон байна.Төмөр утсны тасархай болон шарикуудаар дүүргэсэн дэлбэрэх бодис амиан золиослогчийн биенд юм уу түүний барьж явсан цүнхэнд дэлбэрсэн бололтой. Шал огт гэмтээгүй байгаагаас үзэхэд дэлбэрэлтийн долгион өөр талууд руу чиглэсэн бололтой. Амиан золиослогчийн толгой нь бүтэн үлдсэн байна. Түүний зураг болон фото роботыг Интернетэд байрлуулсан ба зохих байгууллагуудад тараасан байна. Энэ хүнийг таньсан хэн боловч мэдүүлэг өгч мөрдөн байцаах ажилд туслахыг ОУ-ын ДХЯ, Аюулгүй байдлын холбооны алба  хүссэн байна. Онгоцны буудлын бүх газар нь байрлуулсан ажиглах камерын бичлэгт мөрдөн байцаагчид ихээхэн найдлага тавьж байна. Энэ бичлэгүүдийн тусламжтайгаар гэмт этгээдийн илүү сайн хөрөгийг гаргаж, түүний хамсаатнуудыг тодоруулах юм. Алан хядах ажиллагаа үйлдсэн 3 хүнийг хайж байгаа гэсэн мэдээ байна. Орос Улсын уй гашууг олон улс орон хуваалцаж байна. Алан хядах ажиллагаг мөрдөн байцаах ажилд туслахаа АНУ, Украин улс болон Интерпол санал болгосон байна. Дэлхийн улсуудын тэргүүнүүд эмгэнэл илэрхийлж алан хядах ажиллагаатай хамтран тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Домодедовогийн дэлбэрэлтээр ОХУ-ын эрүүгийн хуулийн “Аллага”, “Алан хядах ажиллагаа”, “Хууль бус зэвсгийн эргэлт” гэсэн 3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. «Домодедово» онгоцны буудлын аюулгүй байдлын арга хэмжээг муу гүйцэтгэсэн гэсэн нэг хэргийг бас үүсгээд байна гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин тэмдэглээд «Урьдчилсан арга хэмжээ авах, олон нийтийн дэг журмын хамгаалалтыг хангах ёстой байсан хүмүүс болон тээврийн дотоод хэргийн байгууллагуудын хэд хэдэн жирийн ажилтнууд, удирдлагуудын үйл ажиллагааг шалгах болно. Домодедово онгоцны буудлын удирдлага болон аюулгүй байдлын албаны ажилтан бүрийн үүргийг нухацтай шалгаж тогтоох болно» гэлээ.Дэлхийн улсуудын онгоцны буудлуудын хүлээлгийн танхимд аюулгүй байдлын арга хэмжээ муу байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Улсын Думын аюулгүй байдлын хорооны дарга Владимир Васильев хэлэхдээ: «Цэвэр бүс гэж нэрлэгддэг хүлээлгийн танхимд бидэнд харагдах, харагдахгүй хяналтын зааг гэж байдаг. “Домодедово” онгоцны буудлын энэ бүс олон улсын аюулгүй байдлын шаардлагад нийцсэн юм. Энэ алан хядах ажиллагаа нээлттэй бүсэд болсон, гадаадын шинжээчдийн үзэж байгаагаар харамсалтай нь энэ бүс нь дэлхийн онгоцны буудлуудын хамгийг эмзэг газар юм» гэлээ.Алан хядах дайралтын хор уршгийг арилгах Орос Улсын гунигтай туршлага, бүх албадад хурдан, чанартай ажиллахад тус боллоо. Хэт сандарсан үймээн болоогүй гэж нүдээрээ үзсэн хүмүүс ярьж байна. Хүмүүсийг дэлбэрэлтийн бүсээс гаргахад онгоцны буудлын ажилтанууд, цагдаа нар, өөр танхимд байсан зорчигчид тусалсан байна. Тэндэхийн эмч нар дэлбэрэлт болсоноос хойш хэдхэн минутын дараа ирсэн байна. Тун удалгүй тэдэн дээр түргэн тусламжийн болон сэхээн амьдруулахын бригадууд нэмж ирсэн юм. Дэлбэрэлт болсноос яг хагас цагийн дараа шархадсан анхны хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Тэнд тэднийг мэс засалчид, гэмтлийн эмч нар хүлээж байлаа. Бүх эмнэлэгүүдэд эм, тариа, сэлбэх цус хангалттай байлаа. Цусаа өгөх гэсэн сайн дурынхан цус өгдөг газар дараалан зогссон байлаа. Үүгээрээ хүмүүс алан хядах ажиллагааг “таслан зогсооё!” гэсэн уриан дор эвлэлдэн нэгдэнэ гэдгээ харуулж байна.